Г.Чинзоригийн халтар даага тод магнай, торгон жолоо өргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-07-12 13:46:29
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын дааганы уралдаанд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул, уяач Г.Чинзоригийн халтар даага тод магнай, торгон жолоо өргүүллээ.


Аман хүзүүнд Архангай аймгийн Хотонт сумын уугуул, уяач Р.Дуламсүрэнгийн халиун, айргийн гуравт Дорнод аймгийн Халхгол сумын уугуул, уяач С.Батмөнхийн халтар даага тодров. Харин айргийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул, Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын шаргал даага, айргийн тавд Төв аймгийн Баян сумын уугуул, уяач Б.Нямжавын хүрэн даага торгон жолоо өргүүллээ.


Энэ жилийн уралдаанд 284 даага бүртгүүснээс 230 нь шандас хурдаа сорьсон юм. 


Дашрамд дурдахад, ноднин Үндэсний их баяр наадмаар Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, уяач Н.Баярхүүгийн зээрд даага түрүү магнайд хурдалсан бол Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уугуул, аймгийн алдарт уяач Т.Төрмөнхийн зээрд даага аман хүзүүдэж байв.


Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Хурдан морины уралдааны мэдээллийг Хүй долоон худгаас сурвалжлагч С.Мөнхбаатар, гэрэл зургийн сурвалжлагч Н.Батбаяр, жолооч Ж.Мөнхбаяр нар шуурхай хүргэлээ.


Холбоотой мэдээ