Трамп: Туркт F-35 сөнөөгч онгоц худалдахгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
yesukheitumur@montsame.gov.mn
2019-07-17 12:04:37
Yesukheitumur Tumurbaatar

ВАШИНГТОН. /Anadolu/.  Турк улс ОХУ-аас “С-400” пуужингийн систем худалдаж авсантай холбогдуулан АНУ Туркт F-35 сөнөөгч онгоц худалдахгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт мэдэгджээ.


“АНУ, Турк сайн харилцаатай хэдий ч ОХУ-аас пуужингийн систем авсан тул бид Туркт F-35 сөнөөгч онгоцыг худалдахгүй” гэж Цагаан ордны Сайд нарын танхимд болсон уулзалтын үеэр Трамп сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

 

"Хэрэв Турк улс ОХУ-аас “С-400” системийг авбал F-35 сөнөөгч онгоцны хөтөлбөрөөс тус улсыг гаргана" гэж Трампын Засаг захиргаанаас өмнө нь мэдэгдээд, Москва агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийг ашиглан радарт үл үзэгдэгч сөнөөгч онгоцны нууц мэдээллийг авч болзошгүйг анхааруулж байжээ.


“С-400” пуужингийн системийн эд ангиудыг Туркт өнгөрсөн долоо хоногоос хүргэж эхэлсэн байна. Туркийн Батлан хамгаалах яамны мэдээлснээр, ОХУ-аас пуужингийн системийн эд ангиудыг ачсан 12 дахь онгоц мягмар гарагт Анкара хотын “Murted” нисэх талбайд газардсан аж.

Холбоотой мэдээ