Зургаан талт тавдугаар форум Сүхбаатар аймагт эхэллээ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2019-08-08 11:12:14

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймаг, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шилийн гол, Тунляо, Улаан хад хот хоорондын бүс нутгийн хамтын ажиллагааны зургаан талт тавдугаар форум наймдугаар сарын 08-нд тус аймагт эхэллээ.

Форумд Монгол Улсын Их хурал, Засгийн газрын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Засаг дарга Хө Жио Лиан тэргүүтэй зочид, Улаанхад хотын худалдааны товчооны дарга  Ли Ян Бин, Тунляо хотын Намын хорооны гишүүн, хотын орлогч дарга Чен Гуанли,Замын-Үүд дэх БНХАУ-ын дэд консул Жан И Ши, БНХАУ-ын Эрээн хот дахь Монгол Улсын КГ-ын Консулын хэргийг түр хамаарагч Г.Төмөрбаатар зэрэг албаны төлөөлөгч оролцож байна.

Мөн Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба, Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат тэргүүтэй Монгол Улс болон БНХАУ-ын зургаан аймгийн төлөөлөгчид, холбогдох яам, агентлаг, хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн төлөөлөл 200 гаруй зочин оролцож буй.


Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар форумыг нээж хэлсэн үгэндээ, "Монгол Улсын зүүн гурван аймаг болох Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагтай хил залгаа БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймаг, Тунляо, Улаанхад хотын хамтран зохион байгуулдаг зургаан талт уулзалт тав дахь жилдээ болж байна.

Уулзалт үүн бүсийн хөгжлийн гарц-Хамтын хүч 2019" нэрийн дор болж байгаа. Хөгжлийн тухай асуудал аль нэг аймаг ганцаар биш, хамтын хүчээр, бүсийн хэмжээнд нэгдэж, нэгдсэн бодлогоор хамтарч хөгжих, харилцан бие биенээ нөхөж ажиллах шаардлага та бидний өмнө зүй ёсоор тавигдаж буй" гэсэн юм. Форум аймгуудын илтгэл, нээлттэй хэлэлцүүлгээр бүтэн өдрийн турш үргэлжилнэ. 

Холбоотой мэдээ