Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнгийн төслийн уралдаанд есөн бүтээл иржээ

Монголын мэдээ | Нийгэм
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-20 13:53:16
Munkhbaatar Sambuu

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаанд есөн бүтээл иржээ. Тэдгээр бүтээлд 24 295 иргэн цахимаар санал өгсөн тухай Хот байгуулалт, хөгжлийн газраас өнөөдөр мэдээлэв. 



Монгол Улсын Ерөнхий сайдын долдугаар сарын 9-ний 94 дүгээр захирамжаар, олон улсын жишигт нийцсэн 50-60 мянган хүний суудалтай, битүү дээвэр бүхий үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн барих асуудлыг судалж, холбогдох санал шийдвэрийн төслийг боловсруулах ажлын баг байгуулсан. Энэ дагуу нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, дээрх уралдааныг энэ сарын 6-16-ны хооронд зарласан юм. Нийт есөн бүтээл хүлээн авсан бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын цахим хуудсаар иргэдээс санал хурааж, есөн бүтээлийг эрэмбэлсэн тухай Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч дарга Ц.Тулга мэдээлэв. Тэрбээр, "Иргэдийн саналаас гадна уралдааныг шүүх үүрэг бүхий комиссын гишүүд бүтээлийн үзэл санаа, үндэсний онцлог, түүх, соёлын хэв шинжийг агуулсан байдал, байгальд ээлтэй, орчин үеийн технологийн шийдэл тусгасан зэргийг дүгнэнэ. Түүнчлэн ажлын гүйцэтгэл, иж бүрдлийн шаардлага хангаж байгаа эсэхийг нарийвчлан судалж, оноо өгөх бөгөөд иргэдийн саналтай нэгтгэж, эцсийн дүнг гаргана" хэмээв.


Цахим санал хураалтаар, 06 дугаартай багийн зураг төсөл 7791 иргэний саналаар тэргүүлсэн бол 02 дугаартай багийн зураг төсөл 5959 саналаар удаалжээ. Гуравт 04 дугаартай багийн зураг төсөл 5485 саналаар эрэмбэлэгдсэн бол, дөрөвт 03 дугаартай багийн зураг төсөл 2210 саналаар жагссан байна. Мөн 09 дугаартай зураг төсөл 1804, 08 дугаартай зураг төсөл 367, 05 дугаартай зураг төсөл 260 иргэний санал авчээ.

Холбоотой мэдээ