Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн 150 орчим заалтаар санал хураана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-29 11:54:25
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаан 11.00 цагт 77.3 хувийн гишүүдийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.

 

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн  11.3.1-т “Үндсэн хуулийн 69 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар УИХ-ын гишүүний дөрөвний гурав буюу 57-гоос доошгүй ирцтэй бол түүнийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг авч хэлэлцэхэд хүчин төгөлдөр гэж үзнэ” хэмээн заасан байдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар хуралдааны эхэнд танилцуулж, хэлэлцүүлгийг эхлүүлэх боломж бүрдсэнийг дуулгалаа. 


Өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбогдуулан гишүүд хууль санаачлагч, ажлын багийн гишүүдээс асуулт асууж, тайлбар авсан. Харин өнөөдрийн хуралдаанаар, төслийн 150 орчим заалт бүрээр санал хураан шийдвэрлэх юм. Ингэхдээ Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах, Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах, Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлэхтэй холбоотой өөрчлөлт зэрэг багц асуудлаар нь бүлэглэж санал хураах УИХ-ын гишүүн С.Бямбацогтын гаргасан саналыг гишүүдийн олонх дэмжив.


Ингээд Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах нь сэдэвт хамаарах саналын томьёоллыг хэлэлцэж эхэллээ. Гишүүд төслийн заалт бүрт дэмжсэн, дэмжээгүй саналаа 10 минутаас илүүгүй хугацаанд хэлж, санал хураан шийдвэрлэнэ.

Холбоотой мэдээ