Малчдад төслийн хүрээнд зэвэрдэггүй ган савыг бэлэглэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-09-20 00:11:55

Завхан /МОНЦАМЭ/. БНЧУ-ын Засгийн газрын албан ёсны хөгжлийн тусламжийн хүрээнд тус улсын Улаанбаатар хот дахь ЭСЯ-ны санхүүжилтээр "Сүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх нь" төсөлд олгож буй сүүний сав, цөцгий ялгагч гардуулах ёслолын ажиллагаа Завханы Идэр суманд боллоо.

Ёслолын ажиллагааг нээж, АДРА ОУБ-ын Азийн бүсийн дарга Марк Вэбстер:

-"Алслагдсан бүс нутагт аж төрж буй иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн төсөл хэрэгжүүлэхэд хүндрэл тулгардаг. Тиймээс БНЧУ-ын Элчин сайдын яамны энэхүү дэмжлэг нь Завхан аймагт хэрэгжиж буй төслийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал түлхэц болно" гэв.

Харин БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродский:

-“БНЧУ-аас Монголын хөдөө аж ахуй болон бусад салбарын хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор том, жижиг тэтгэлэгт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр ирсэн. Эдгээр хөтөлбөрөөр дамжуулан Чехийн хөдөө аж ахуйн дэвшилтэт техник технологийг Монгол Улсад нэвтрүүлэн, хоёр орны төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжин ажиллаж байна. Үүний нэг нь АДРА Монгол ОУБ-ын хэрэгжүүлж буй төсөлд өгч буй дэмжлэг юм” гэлээ. Энэ үеэр Завхан аймаг хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг болох зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд уг зорилтыг биелүүлэхэд "Сүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх нь" төсөл тодорхой хувь нэмэр оруулах болно гэдгийг Завханы Засаг дарга Д.Батсайхан онцлоод БНЧУ-ын Засгийн газар, тус улсын Элчин сайдын яам, АДРА Монгол ОУБ-д талархсанаа илэрхийлэв.

Ёслолын ажиллагаанд ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтэн Н.Сарандагина оролцож, Засгийн газраас сүүний бэлтгэн нийлүүлэлт, боловсруулалтын талаар баримталж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулжээ. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас "Мах, сүүний анхдугаар аян"-ыг улсын хэмжээнд зохион байгуулж, орон нутгийн сүүний нөөцийг ашиглах, хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Тус аяныг үр дүнтэй зохион байгуулахад төр, хувийн хэвшлийн түншлэл, идэвх санаачилга, орон нутгийн оролцоо, гадаад улс, олон улсын байгууллагын хамтын ажиллагаа, дэмжлэг туслалцаа чухал ач холбогдолтойг дуулгав.

Мөн үеэр БНЧУ-ын Элчин сайд Ийржи Бродский АДРА Монгол ОУБ-ын "Сүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх нь" төслийн менежер Г.Мөнх-Эрдэнэд батламж гардуулж, "Монголиан Артизан Чийз Мэйкерс Юнион" ХХК-ийн гүйцэтгэх захирал Майкл Морроу бяслагийн үйлдвэрлэл, зах зээлийн талаар танилцуулж, бяслагаа амтлууллав.

Сүү нийлүүлэх нь 100 гаруй малчдын өрхийн орлогыг дэмжинэ

АДРА Монгол ОУБ-ын "Сүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх нь"  төсөл Завханы Идэр суманд хэрэгжиж байгаа.

Төслийн хүрээнд экспортын чиглэлийн хатуу бяслагийн загвар үйлдвэр байгуулах, сүү нийлүүлэх тогтолцоо бүрдүүлэх замаар 100 гаруй малчин өрхийн амьжиргааг дэмжих, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой ажээ. Тус төслийг дэмжиж, малчин өрхүүд бяслагны үйлдвэрт сүүгээ нийлүүлэхэд нь туслах зорилгоор Улаанбаатар хот дахь БНЧУ-ын ЭСЯ болон АДРА Монгол ОУБ хамтран энэ онд "Сүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх нь" сүү нийлүүлэх жижиг төслийг хэрэгжүүлжээ. Төслийн үр дүнд хүнсний аюулгүй байдал, стандартын шаардлага хангасан 62 ширхэг зэвэрдэггүй сүүний ган сав, зургаан ширхэг цөцгий ялгагчийг малчдад олголоо хэмээн аймгийн ЗДТГ-аас тус тус мэдээлэв. 

Холбоотой мэдээ