Завхан аймаг энэ хичээлийн жилийг хүүхдийн хөгжлийн жил болгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-09-23 23:20:25

Завхан /МОНЦАМЭ/.Завхан аймаг 2019-2020 оны хичээлийн жилийг эцэг эх, багш, суралцагчдын уялдаа холбоог сайжруулах, хүүхдийн хөгжлийн жил болгон зарлалаа.

Өнөөдөр аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 29 сургуульд 15113 суралцагч, сургуулийн өмнөх боловсролын 40 цэцэрлэгт 5410 хүүхэд суралцаж байна. Сургууль, цэцэрлэгт  нийт 1100 гаруй багш ажиллаж, нэгдүгээр ангид 1530 суралцагч шинээр элсжээ. 2019 онд ерөнхий боловсролын гурван сургууль, дөрвөн цэцэрлэгийн барилга ашиглалтад орж, хоёр сургууль, нэг цэцэрлэгийн барилгыг шинээр барьж байна.

Харин боловсролын салбарт 10 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт энэ жил хийлээ. Сургалтын байгууллагын үйл ажиллагааны зорилго, төлөвлөлтийг эцэг эх, нутгийн захиргааны хамтын оролцоотой тодорхойлж, эцэг эхийн зөвлөгөөн, уулзалтуудыг тогтмол хугацаанд зохион байгуулж, сургалт  хүмүүжлийн үйл ажиллагаанд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэн эргэх холбоотой ажиллахыг аймгийн Засаг дарга үүрэг болголоо хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. Түүнчлэн энэ жил сайн багш, сайн оюутан хөтөлбөрүүд үргэлжлэн хэрэгжих ажээ. 

Холбоотой мэдээ