МУГЖ Т.Ариунаа 15 дахь тоглолтоо "Тэнгэр шиг бай" гэж нэрлэлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-10-09 17:39:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа “Тэнгэр шиг бай” тоглолтынхоо тухай хэвлэлийн бага хурлыг өнөөдөр “Corporate Convention Centre”-ийн их танхимд хийлээ. Түүний бие даасан 15 дахь "Тэнгэр шиг бай" тоглолт “Буянт Ухаа” спорт цогцолборт 11 дүгээр сарын 8-нд болох ажээ. 

Т.Ариунаа  "Үзэгчидтэйгээ уулзаагүй 10 жилийн хугацаа өнгөрчээ. Бүх юмс өөрийн тэнгэрийн цаг хугацаатай, тогтоогдсон мөчтэй байдаг гэж боддог. Үхэх хийгээд төрөх цаг хугацаа, тариалах хийгээд тарьснаа хураах цаг хугацаа, дуугүй байх хийгээд ярих цаг хугацаа, дайтах хийгээд найрамдах цаг хугацаа энэ бүхэн өөрийн цаг хугацаатай. Магадгүй “Тэнгэр шиг бай” тоглолт маань тэр цаг хугацааг хүлээсэн биз. Би энэ удаагийн тоглолтоо хийхийн тулд нэлээд эрэл хайгуул хийлээ. Энэ эрэл хайгуул нь гадаад болон дотоод ертөнцийнх гэж байдаг. Миний хувьд энэ эрэл хайгуулыг  дотоод ертөнцөөсөө эхэлж, өөрийгөө ялж гарах, өөрийгөө өөртөө, өөрийгөө бусдад нээх, бусдыг өөртөө нээх он жилүүд байсан юм” гэв.


Тоглолт хүний амьдралын гурван үеийг илэрхийлсэн гурван хэсгээс бүрдэх ба гурван цаг үргэлжилнэ. Тасалбарын үнэ ч гурван өөр байх юм байна.

МУГЖ Т.Ариунаа 16 настайгаасаа дуулснаас хойш 37 жилийн хугацаанд МУСТА цол, Алтангадас одон, МУГЖ, НҮБ-ын "Хүүхдийн элч" зэрэг шагнал хүртээд байгаа билээ. 

Холбоотой мэдээ