Шахмал түлшийг горимын дагуу хэрэглэж хэвшихийг уриалав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-10-17 20:29:31

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант суманд ганцхан “Номин шилтгээн констракшн” ХХК-ийн Шахмал түлшний үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. 

Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, төлөөлөгч Ш.Батсүх нар үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус үйлдвэр 4-5 жилийн хугацаанд Ховд аймагтаа стандартын дагуу сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж буй. Өдөрт 40-80 тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Одоогийн байдлаар Жаргалант сумын гэр хорооллын бүсэд амьдарч буй 8000 гаруй айл өрхийн 30 орчим хувийг шахмал түлшээр хангаж байна.

Үйлдвэрийн менежер Б.Чимэдцэрэн хэлэхдээ, шахмал түлш зуух голдоггүй, хурдан асдаг, байгальд ээлтэй, утаа бага гардаг, хог хаягдалгүй зэрэг давуу талтай болохыг хэрэглэгчид сайн мэддэг болсон. Ингэснээр шахмал түлш хэрэглэгчдийн тоо жил бүр нэмэгдэж байна гэлээ.

Тухайн үйлдвэр одоогийн байдлаар 14 ажилчинтай бөгөөд  40-50 иргэн үйлдвэрээс гарсан шахмал түлшийг савлах, уутлах цагийн ажил тогтмол хийж байна. Тэд цагаар ажиллахдаа, өдөрт 70,0 мянган төгрөгийн орлоготой байдаг гэж албаны эх сурвалж хэлэв.

Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди хэлэхдээ, тус үйлдвэрийн нөөцийн агуулах барихад  дэмжлэг  үзүүлэх талаар судална хэмээгээд иргэдэд стандартын шаардлага хангасан сайжруулсан шахмал түлшийг горимын дагуу хэрэглэж хэвших  замаар  агаарын бохирдол, утааг  бууруулахад иргэн, өрх бүр  оролцохыг уриалсан юм.

Энэхүү шахмал түлшийг  үйлдвэр болон аймгийн төв зах гэсэн хоёр төвлөрсөн цэгт нэг тонныг 140 мянга, нэг уутыг нь 7000 төгрөгөөр борлуулж байна.
 


 

Холбоотой мэдээ