Шороон бумбагар бунхант булш, ханын зургийг хамгаалах төсөл 3 жил хэрэгжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-04-13 13:13:54

Булган аймгийн Баяннуур сумын нутагт орших Улаан хэрмийн Шороон бумбагар бунхант булш, ханын зургийг авран хамгаалах, сэргээн засварлах төслийн гэрээнд БСШУЯ-ны Соёлын бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Гантөмөр, Туркийн талаас ТИКА-гийн Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулалтын газрын дарга Вэйсэл Чифтжи нар гарын үсэг зурав.

ТИКА нь 1994 оноос Монгол нутаг дахь Түрэгийн үеийн хөшөө дурсгалыг хадгалж хамгаалах үйл ажиллагаа явуулахаас гадна боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, дэд бүтэц, газар тариалан, хөдөө аж ахуй, мал аж ахуй зэрэг салбарт төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ гэрээг түүхэн талаас авч үзвэл үнэтэй соёлын өв учраас хадгалж хамгаалах үүрэг бидэнд ноогдож байна. Тиймээс богино хугацаанд арга хэмжээ авч, гэрээ байгууллаа. Хоёр орны найрамдалт харилцаа улам өргөжнө гэдэгт итгэлтэй байна хэмээн Туркийн хамтын ажиллагаа, Зохицуулах агентлагийн дэд ерөнхийлөгч ноён Мэхмэт Сүрэйяа Эр онцлов.

Талууд төслийн хүрээнд нэн тэргүүнд Улаан хэрмийн Шороон бумбагар бунхант булш, ханын зургийг авран хамгаалах аж. Тус төсөл нь ирэх 2-3 жил үргэлжилнэ.

Энэ онд найдвартай цахилгааны эх үүсвэрийг бий болгох, дурсгалыг хамгаалахад хэрэгцээтэй агаарын зураг болон 3 хэмжээст скайнаар нарийн хэмжилтийн мэдээллийн сан бүрдүүлэх, геологи, хөрс шорооны судалгааг гүйцэтгэх, ханын зурагт хамгийн их эрсдэл үүсгэж буй ус чийгийг гадагшлуулах сувгийг байгуулах, бунхант булшны ханын зураг түүний орчин тойрны агаарын хэм, чийгийг тогтвортой хэмд барих дулаан, агааржуулалтын систем байрлуулах аж.

Тухайн жилүүдэд Монгол, Туркийн судлаачид 2016 оны судалгааны ажилд тулгуурлан цаашид авран хамгаалах, сэргээн засварлах, музей байгуулах ажлыг төлөвлөжээ.

Шороон бумбагар төслийн санхүүжилтийг Туркийн тал бүрэн хариуцах аж.

Ж.Болор

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ