Сонгуулийн хэсэг, хороодод ажиллах хүмүүсийг бэлтгэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-04-13 15:09:09

УИХ-ын болон орон нутгийн сонгуулиар аймаг, сум, багийн хэсэг, хороодод ажиллах ажилтнуудад зориулсан сургалтыг СЕХ-ноос Увс аймгийн “Ойрад” театрт хийлээ.

Энэ үеэр Сонгуулийн тухай хууль, сонгуулийн байгууллагын ажлын зохион байгуулалт, сонгогчдын нэрсийн жагсаалт, сонгогчийн болон иргэний шилжилт хөдөлгөөн, нам, эвсэл, нэр дэвшигчдийн бүртгэл, сонгуулийн сурталчилгаа, УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн саналын хуудас, сонгогчдын санал авах ажиллагаа, хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага, өргөдөл, гомдол маргаан хянан шийдвэрлэх харъяалал, сонгуулийн автоматжуулсан систем зэрэг сэдвээр сургалтанд хамрагдсан хүмүүст мэдээлэл өгч, гэрчилгээ гардуулсан юм.

Сонгуулийн тухай хууль тогтоомжийн талаар сургалт явуулж, гэрчилгээ олгох ажлыг СЕХ-ноос 21 аймаг болон нийслэлийн 9 дүүрэгт зохион байгуулж байгаа аж. Байнгын бус сонгуулийн хэсэг, хороодод ажиллах хүмүүсийн мэдээллийн санд Увс аймгийн 1200 гаруй хүний нэрс бүртгэлтэй байдаг байна.

Сургалтыг СЕХ-ны ахлах шинжээч Б.Нямсүрэн, Мэдээлэл технологийн төвийн инженер Х.Баясгалан, СЕХ-ны ажлын албаны мэргэжилтэн Д.Билгүүн нар явуулсан юм.

Аймгийн Сонгуулийн хороо энэ сарын 20-ны дотор, сумдын сонгуулийн хороо энэ сарын 25-ны дотор байгуулагдана.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ