Бэлчээрийн даац тооцох аргачлалын тухай сургалт хийж байна

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-11-20 15:22:45

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Мерси Кор олон улсын байгууллагын "Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-3" төсөл Баян-Өлгий, Увс, Ховд, Хэнтий, Сүхбаатар аймагт хэрэгжихээр болжээ.

Уг төслийн хүрээнд "Малын бэлчээрийн даац тооцох нэгдсэн аргачлал болон орон нутгийн бэлчээрийн менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт" сэдэвт туршлага солилцох сургалт, уулзалт өнөөдөр Өлгий хотод эхэллээ.

Сургалт, уулзалтад Баян-Өлгий, Увс, Ховд аймгуудын хөдөө аж ахуй, газрын харилцаа, мал эмнэлэг, ус, цаг уурын байгууллагын мэргэжилтнүүд, сумдын ЗДТГ-ын дарга нар, Малчдын холбооны төлөөллүүдээс 60 гаруй хүн оролцож байна.

Сургалтаар бүс нутагт тулгамдсан бэлчээрийн асуудал, эрсдэлийг бууруулах арга замууд, бэлчээрийн менежментийн төлөвлөгөө ба түүний хэрэгжилт, бэлчээрийн хөнөөлт мэрэгч үлийн цагаан оготны тоо, толгойг зохицуулах аргачлал, бэлчээрийн даац тодорхойлох арга зүй зэрэг сэдвээр ХААИС-ийн багш, төслийн мэргэжилтэн, зөвлөхүүд мэдээлэл өгч байна.

"Төслийн хүрээнд Баян-Өлгий аймгийн хоёр суманд бэлчээрийн менежментийг сайжруулах, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 10 сум, мал эмнэлгийн чиглэлээр 12 суманд ажил зохион байгуулна. Тийм учраас төслийн үйл ажиллагаанд оролцож, малчидтай тулж ажиллах мэргэжлийн хүмүүсийг цуглуулж сургалт хийж байгаа" хэмээн "Мерси кор" Олон улсын байгууллагын аймаг хариуцсан зохицуулагч Х.Жумагүл хэллээ.

"Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-3" төсөл нэг жилийн хугацаанд хэрэгжих ажээ.

             

Холбоотой мэдээ