Нийслэлд 100 тэрбумын хөрөнгө оруулалт төлөвлөжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-11-21 11:50:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ирэх жил нийслэлд нэг их наяд гаруй төгрөгийн орлогыг төлөвлөөд байна. Үүнээс суурь орлого 894.1 тэрбум төгрөг байхаар, суурь зарлагыг 338.1 тэрбум төгрөгөөр тус тус тооцон, 100 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төлөвлөжээ.

Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн Иргэний танхимд өчигдөр болсон нийслэлийн 2020 оны төсвийн төслийг иргэд, олон нийтэд танилцуулж хэлэлцүүлсэн нээлттэй уулзалт дээр мэдээлсэн юм.


Хэлэлцүүлгийн эхэнд Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан 2019 оны хүлээгдэж буй ажлын гүйцэтгэл, хийж хэрэгжүүлсэн томоохон ажлууд, 2020 оны төсвийн төслийг танилцуулсан юм. Тэрээр нийслэлийн өмнө тулгамдсан олон ажлыг шийдвэрлэхэд ихээхэн хөрөнгө оруулалт шаардлагатайг онцолж, хөрөнгө, мөнгө хязгаартай байгаа ч шаардлагатай зүйлийг хийхээр зорьж буйгаа хэлсэн юм.


Тэрээр, Улаанбаатар хотод шаардлагатай, хийж хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг харьцуулан үзэх юм бол энэ оны нийслэлийн төсөв харьцангуй бага байгааг хэллээ. Яагаад гэвэл, энэ онд нийслэл хотоос улсын төсөвт 319 тэрбум төгрөг төвлөрүүлж байгаа. Үүнээс үүдээд нийслэлд үлдэх хөрөнгө оруулалтын тоо хэмжээ багасаж байна. Тэр хэрээр олон салбарт оруулах ёстой хөрөнгө оруулалтын ажил хасагдаж байна гэлээ.

Энэ жил нийслэлээс улсын төсөвт төвлөрүүлэх хөрөнгийн тоо, хэмжээ ирэх онд 40 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр улсын төсвийг баталсан. Энэ нь нийслэлийн хувьд 2020 онд орлогоо нэмэгдүүлэх үүрэг болоод байна.

“2020 онд нийслэлээс Хүний хөгжлийг дэмжих бодлого барина. Нийгмийн энэ бодлогын хүрээнд боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, ая тухтай сурч, боловсрох орчныг бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хүн амын хөгжил, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлаа үргэлжлүүлнэ” гэдгээ хотын удирдлага мэдэгдлээ.




Төсвийн төслийн нээлттэй хэлэлцүүлэгт нийслэл, дүүргийн 400 орчим иргэн оролцож, 40 орчим иргэн санал бодлоо хэллээ. Тэд дүүрэг хороодод хийж буй төсөл, хөтөлбөрийн ажил газар дээрээ удаашралтай байгааг ярив. Зарим хороонд улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр сургууль, цэцэрлэг барих, нийтийн тээврийг нэмэгдүүлэх, дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний ажил хийх зэрэг саналыг илэрхийлж байв.

Иргэдээс гаргасан саналыг нэгтгэн, Нийслэлийн 2020 оны төсвийн эх үүсвэрийн хүрээнд тусгах аж. Мөн оролцогсод нийслэлийн ирэх оны төсөвт тусгах саналаа бичгээр буюу санал авах маягтыг бөглөж өгсөн юм.





Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

М.Нямсайхан

Холбоотой мэдээ