Сири дүрвэгсдийг эх нутаг руу нь буцаах замыг тавьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
yesukheitumur@montsame.gov.mn
2019-11-22 14:59:10
Yesukheitumur Tumurbaatar

АНКАРА. /Anadolu/. Сири дэх терроризмтой тэмцэх ажиллагааны үр дүнд тус улсын Тал Абяд болон Рас аль-Айн дүүргүүдийг Курдын хөдөлмөрийн намын террористуудаас чөлөөлж сири дүрвэгсдийг тус дүүргүүд рүү буцааж эхэллээ гэж Туркийн Үндэсний батлан хамгаалах яам мэдэгдэв.


“Курдын хөдөлмөрийн намын террористуудаас дүрвэж Жарабулус хотод ирсэн 200 орчим сири дүрвэгч аюулгүй, айх зүйлгүй эх нутаг руугаа буцсан. Үүнээс гадна 70 гэр бүл буюу 295 дүрвэгч Тал Абяд руу хөдөлсөн” гэж мэдэгдэлд дурджээ.


Сирийн хойд нутаг болон Ефрат мөрний ойролцоо орших террористуудыг устгаж, Сирийн дүрвэгсдийг эх нутаг руу нь буцааж, өөрийн улс орны хилийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Турк улс өнгөрсөн сарын 9-нд энхийг сахиулах ажиллагааг эхлүүлсэн билээ.


Турк энэхүү ажиллагааны хүрээнд тухайн бүс нутгаас террористуудыг шахан, аюулгүйн бүс байгуулж, улмаар Сирийн 2 сая орчим дүрвэгчийг эх нутаг руу нь аюулгүй буцаах замыг тавих зорилготой байгаа юм.


Туркийн эсрэг 30 гаруй жил террорист үйл ажиллагаа явуулж байгаа Курдын хөдөлмөрийн намыг Турк, АНУ, Европын Холбоо террорист байгууллагын жагсаалтад оруулсан байна. Энэхүү террорист байгууллага нь 40 мянга гаруй энгийн иргэний амийг хөнөөсний дунд хүүхэд, нярай хүүхэд, эмэгтэйчүүд байжээ.

Холбоотой мэдээ