Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох төслийг батална
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай” тогтоолын төслийг хэлэлцэж, анхны хэлэлцүүлгээр нь батлуулахаар тогтов.
Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нараас санаачлан өргөн мэдүүлсэн юм. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж, хувийн болон бусад өмчийн хэлбэрийг хүлээн зөвшөөрч, үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг олгосон Ардчилсан хувьсгалын үнэ цэнийг олонд таниулах, үүнд оролцсон хүмүүсийг алдаршуулах шаардлагатай хэмээн төслийн үзэл баримтлалд дурджээ. Тиймээс энэ онд тохиож буй Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медалийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгохоор тусгасан байна.
Тогтоолын төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан санал хэлсэн бөгөөд гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй юм. Харин УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Иймээс тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтлоо.
Тогтоолын төсөл нь гурван зүйл, хоёр хавсралттай бөгөөд Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох, хэнд, хэрхэн олгох харилцааг зохицуулахаар тусгажээ.