“Баг-93” үйлчилгээнд 41 мянга гаруй иргэн хамрагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Хөдөөгийн 18 сумын багийн иргэд, Улаангом сумын 12 багт эрүүл мэндийн явуулын тусламж үйлчилгээ үзүүлдэг “Баг-93” арга хэмжээ энэ жил амжилттай хэрэгжсэн байна. Тодруулбал, нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтэн зэрэг 17-60 хүний бүрэлдэхүүнтэй баг зургаан ээлжээр 49 хоног ажиллаж, 52 цэгт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлсэн байна.
Энэ
үеэр нийтдээ 41 мянга гаруй хүн амд эрүүл мэндийн үзлэг хийж, 2-р шатлалд 549,
3-р шатлалд 92 хүнийг илгээж, 52 хүнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж, 2416 хүнд
эмчилгээний зөвлөгөө өгчээ.
Аймгийн Нэгдсэн эмнэлгээс жирэмсэн эхийн эрт үеийн
хяналтын чанарыг сайжруулж, хожуу үеийн хүндрэлийг бууруулж, нялхсын золгүй, гэнэтийн
нас баралт, эндэгдлийг үе шаттайгаар багасгаж халдварт өвчний гаралтыг бууруулж ажилласан байна. Үүний үр дүнд 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 2016 онд 55,
2017 онд 45, 2018 онд 38, 2019 оны 11-р сарын байдлаар 28 болсноор нялхсын
эндэгдэл, осол гэмтлийн шалтгаант нас баралт тус тус буурчээ. Мөн жирэмсэн
эхийн хяналт 94,6 хувь байгаа нь өмнөх онуудтай харьцуулахад тогтмол өндөр байгаа
аж.