Виртуал үзмэрийн танхимтай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-12-16 21:07:32
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Түүх угсаатны зүйн музейд орчин үеийн дэвшилтэт техник тоног төхөөрөмжийн тусламжтайгаар дижитал орон зай бий болгон виртуал үзмэрүүдийг олон нийтэд хүргэж эхэлжээ.
Монгол Улсад виртуал музейн анхдагч болж Баянхонгор аймгийн музейгаас гадна Богд ханы музей, Дүрслэх урлагийн музей, Өвөрхангай аймгийн Эрдэнэзуу музейд тус тус ажиллуулж байгаа юм байна. Музей есөн танхимтай, танхим тус бүр өөр өөрийн үзмэртэй. Цаашид виртуал музейд аймаг орон нутгийнхаа түүхэн дурсгалт газруудын мэдээллийг багтааж, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд түлхэц болохоор зорьж буйгаа Баянхонгор аймгийн Түүх угсаатны зүйн музейн удирдлага тайлбарлав.
Виртуал бодит байдал гэдэг нь сүүлийн үеийн дэвшилтэт технологи бөгөөд дууны нөлөө бүхий компьютерийн график хослуулан хиймэл (виртуал) бодит байдлыг бий болгох технологийг хэлдэг бөгөөд бодитой мэт харагдах хиймэл бодит орчин аж. Энэ нь хүний харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүрэх гэсэн таван мэдрэхүйг хийсвэр байдлаар бодит мэт мэдрүүлэхийг хэлж байгаа юм байна.
Энэхүү тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар үзэж буй хүн тухайн орчинд нь орж бурхдыг болон эргэн тойрны байгаль орчин, юмс үзэгдлийг яг дэргэд нь байгаа мэтээр харж, мэдэрч, бурхдын тухай тайлбарыг сонсон, хөгжмийн аялгуунд аялах боломжийг бүрдүүлжээ. Мичид гялалзсан огторгуйн ертөнцөөр Ногоон дарь эх, мянган бурхан, язгуурын таван бурхныг үзэх олон хаалганаас сонголтоо хийж, нэг рүү нь орох үйл явц, гайхамшигт ертөнцөд очсон мэт мэдрэмжийг авахад том хүн 3000 төгрөг, хүүхэд 1000 төгрөгийн төлбөртэй юм байна.
Холбоотой мэдээ