Нью-Йоркийн сунгаанд Клинтон, Трамп хоёр яллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-04-20 15:04:33

НЬЮ-ЙОРК. /BBC/. АНУ-ын Нью-Йорк муж улсад Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодруулах сунгаанд Хиллари Клинтон түүний гол өрсөлдөгч болох Берни Сандерсыг ялсан байна.

Саналын хуудсыг одоогоор тоолж дуусаагүй байгаа боловч урьдчилсан дүнгээр, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан 61 хувийн санал авсан бол түүний өрсөлдөгчийг Ардчилсан намын сонгогчдын 38 хувь нь дэмжжээ.

“Нью-Йоркчууддаа баярлалаа. Та бүхэн надад 16 жилийн өмнө итгэл хүлээлгэж байсан, өнөөдөр ч бас хүлээлгэлээ. Та бүхний төлөө хийх тэмцлээ би хэзээ ч зогсоохгүй” гэж Клинтон "Твиттер” дэх хуудсандаа бичжээ.

Клинтон, Сандерс хоёр Нью-Йорк муж улсад болох сунгааны өмнө ширүүн мэтгэлцээн хийсэн юм.

Бүгд Найрамдах намынхны хувьд тэрбумтан Дональд Трамп баяраа тэмдэглэж байна. Тэрбээр өрсөлдөгчөө саналын илт давуугаар ялжээ.

Саналын хуудсын 86 хувийг тоолсны дараах байдлаар тэрбээр 59.8 хувийн санал авсан бол Огайо муж улсаас сонгогдсон сенатч Жон Кейсикийг бүгд найрамдахчуудын 25.2 хувь нь, Техас мужаас Сенатын танхимд сонгогдсон Тед Крузыг 14.9 хувь нь дэмжжээ.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ