Абэ Шинзо БНАСАУ-ын удирдагчтай уулзахад бэлэн хэвээр байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-01-06 15:51:00

ТОКИО. /TASS/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай урьдчилсан болзолгүйгээр уулзахад урьдын адил бэлэн хэвээр байна гэж Японы Ерөнхий сайд Абэ Шинзо шинэ он эхэлж буйтай холбогдуулан даваа гарагт зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.


“Хамгийн гол буюу хулгайлагдсан иргэдийн асуудлыг нэн даруй шийдэхийн тулд би Ким Жөн Ун даргатай ямар нэг урьдчилсан болзолгүйгээр уулзахад бэлэн байна” гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.


БНАСАУ-ын удирдагчтай уулзахад бэлэн байна гэж Абэ сүүлийн саруудад нэг бус удаа мэдэгдсэн юм.  1970-аад оны үед БНАСАУ-ын тагнуулуудад хулгайлагдсан япончуудыг нутаг буцаах асуудлыг урагшлуулахын тулд Ким Жөн Унтай зайлшгүй уулзах шаардлагатай гэж Японы Засгийн газрын тэргүүн үзэж байгаа аж.


БНАСАУ-ын тагнуулын албаныханд хулгайлагдсан япончуудтай холбоотой асуудал нь албан ёсны дипломат харилцаагүй тус хоёр улсын харилцаанд хамгийн их түвэг учруулж буй сэдэв юм. 2002 онд Умард Солонгосын эрх баригчид Японы ердөө 13 иргэнийг хулгайлагдсан гэдгийг анх удаа хүлээн зөвшөөрч, тэдний тавыг нь эх оронд нь буцаажээ. Харин үлдсэн хүмүүсийг нас барсан гэж мэдэгдсэн бөгөөд шарилыг нь төрөл төрөгсдөд нь илгээсэн боловч хулгайлагдсан иргэдийнх мөн эсэхийг тогтоож чадаагүй байна.


Хулгайлагдсан япончуудын хэргийг шинээр мөрдөн шалгах комисс байгуулах тохиролцоонд хоёр улсын Засгийн газар 2014 оны тавдугаар сард хүрсэн боловч хожим нь Умард Солонгосын эрх баригчдын санаачилгаар тараажээ.


Холбоотой мэдээ