Хиймэл оюун ухааны тусламжтай газрыг үнэлдэг болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-01-09 17:22:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Газрын үнэлгээний систем болон газрын төлбөр, татварын системийг хэрэглээнд нэвтрүүлсний үр дүнд Монгол Улсын газар бүр үнэ цэнэтэй болж, эдийн засгийн эргэлтэд чухал үүрэг гүйцэтгэх болж байна.


Тухайлбал, газар үнэлгээний системд шилжсэнээр бүгд төлбөрөө төлдөг болох юм. Уг системийг өнөөдөр /2020.01.09/ нээж, хэрэглээнд нэвтрүүллээ. Газрын төлбөр, татварыг өмнө нь газрын даамал, байцаагчид тухайн газар дээр өөрсдийн биеэр очиж, гар аргаар акт үйлдэн, баримт бичиг гаргадаг байжээ. Харин одоо үнэлгээний системд шилжсэнээр бүх зүйл цахимжиж, хиймэл оюун ухааны тусламжтай газрыг үнэлдэг болсон байна.


Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү: “Улаанбаатар дөрвөн бүсчлэлтэй, газрын төлбөрийн суурь хураамж 44 мянган төгрөг байсан бол одоо 16 бүсчлэлтэй, тус бүрд нь тохирсон суурь үнэтэй болсон. Өөрөөр хэлбэл, тухайн газар ач холбогдол, дэд бүтэц, байрлал, бизнесийн төрлөөсөө хамаараад өөр өөр үнэлгээтэй болжээ. Тухайлбал, газрын татвар, төлбөрийн системээр иргэн, аж ахуйн нэгжийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газрын төлбөр, татварын хэмжээг Засгийн газраас тогтоосон суурь үнэлгээ, тухайн шатны ИТХ-аас тогтоосон хувь хэмжээ болон хуульд заасан хөнгөлөлт, чөлөөлөлтийг тооцно. Харин газар тус бүрээр программын тусламжтай төлбөр ногдуулах бөгөөд төлбөл зохих татвар, төлбөрийн дүнг төрийн байгууллагуудын мэдээлэл солилцох ХУР системээр дамжуулан Татварын удирдлагын нэгдсэн системд илгээнэ" хэмээн онцлов.


Уг системээс иргэн, аж ахуйн нэгжид нэхэмжлэл илгээх юм байна. Үүний дагуу тухайн иргэн дурын банкны болон ebarimt аппликэйшн ашиглан газрын татвар, төлбөрөө төлөх боломжтой. Улаанбаатар хот нийтдээ газрын эрхийн харилцаанд бүртгэлтэй 430 мянган нэгж талбартай юм байна.


Өнөөдрийн байдлаар, кадастрын мэдээллийн санд орсон нь 260 орчим мянга. Гэтэл зөвхөн 22 мянга гаруй нь газрын төлбөр, татвараа төлдөг байжээ. Харин үнэлгээний системд шилжсэнээр энэ байдал үгүй болж, бүгд төлдөг болох юм. Үүний үр дүнд улсын төсөв бүрдэж, иргэд ашгийг нь хүртэх юм байна.

Холбоотой мэдээ