Булган сумын иргэнийг тусгаарлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-02-13 17:48:36

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Булган сумын нэг иргэн энэ сарын 11-12-нд шилжих шөнө халуурсан гэх дуудлагыг аймгийн Эрүүл мэндийн газарт ирүүлжээ. Дуудлагыг хүлээн авсан даруй клиник, эмнэлзүйн болон тархвар судлаач эмч болон мэргэжлийн баг Булган суманд ажиллаж тухайн иргэнийг сумын Эрүүл мэндийн төвийн халдвартын тасагт тусгаарлаж, сорьц шинжилгээг авч ХӨСҮТ рүү илгээсэн байна.


Тухайн иргэн Гашуунсухайт боомтод том оврын тээврийн жолооч хийдэг байна. Тэрээр хамгийн сүүлд 1-р сарын 21-ний өдөр гадагшаа тээвэрлэлт хийжээ. Ингээд 2-р сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод, 2-р сарын 8-ны өдөр Архангайд иржээ. Тэрээр 10-ны өдрөөс эхлэн халуурсан ч 12-ны шөнө дуудлага өгсөн байна. Тухайн иргэний ойрын хавьтал, гэр орныг хяналтад аваад байгаа юм байна.

Одоогоор иргэний шинжилгээний хариу гараагүй, шинэ коронавирусний халдвараар өвчилсөн нь тогтоогдоогүй байгаа юм. Тиймээс аймгийн эрүүл мэндийн байгууллагууд болон аймаг орон нутгийн зүгээс холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Энэ бол зөвхөн халуурсан тохиолдол учраас ард иргэд айж сандралгүй, хувь хувийнхаа ариун цэврийг сайтар сахиж, амны хаалтаа зааврын дагуу байнга зүүж, гэр орондоо халдваргүйтэл, ариутгал сайн хийхийг зөвлөж байна. Энэ тухай өнөөдөр 12:00 цагаас болсон аймгийн Онцгой комиссын хурлын үеэр мэдээлсэн юм. Мөн шинэ коронавирусний халдварын талаар худал ташаа мэдээлэл тараасан этгээдийг хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг анхаарууллаа.

Холбоотой мэдээ