Амны хаалт оёж нийслэлийн иргэдийг хангахыг үүрэг болгов

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2020-02-20 09:10:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж коронавирусний эсрэг урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж эхэлсэн. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Нийслэлийн есөн дүүрэгт ажиллаж эхэллээ.

Тэрбээр нийслэлийн Налайх дүүрэгт өчигдөр ажиллаж, Баянзүрх-Налайхын шинэ замд барьж эхлэх явган болон дугуйн замын ажлын бэлтгэл ажлыг хангах, замын тэмдэг тэмдэглэгээ, арчилгааг сайжруулах талаар албаны хүмүүст үүрэг чиглэл өгөв. Тэндээс цааш хөдөлж зүүн бүсээс Улаанбаатар хот руу чиглэсэн авто замын хөдөлгөөний хяналтын пост Налайхын Оргил худалдааны төвд очиж ажилласан юм.

Үүний дараагаар Хотын захирагч С.Амарсайхан болон Нийслэлийн газар хэлтэс, агентлагийн дарга нарыг Налайх дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар тэргүүтэй дүүргийн удирдлагууд дүүргийнхээ Тамгын газрын байранд хүлээн авч,  шинэ төрлийн цар тахал халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд нийслэлийн Засаг даргын захирамжийг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаарх мэдээлэл, тайлангаа хүргэлээ.  

Налайх дүүргийн Онцгой комиссын Дарга Ч.Раднаабазар, дүүрэгт Улс, Нийслэлийн онцгой комисс, Нийслэлийн Засаг даргын захирамжийг үндэслэн шаардлагатай арга хэмжээ авч байгаагаа дурдаж, тус дүүрэгт амны хаалтын хүрэлцээ хангамж дутагдалтай байгааг дурдаад дүүргийн дотоод нөөц боломжоо ашиглаж амны хаалт үйлдвэрлэхээр төлөвлөж байна гэлээ. Мөн энэ онд Налайх дүүрэгт нийслэлийн төсвөөс 80 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажил хийнэ. Тиймээс дотоод зохион байгуулалтын ажлаа эртнээс анхаарч хаврын цагт ажлаа эхлүүлэхээр төлөвлөж байна” гэв.

Хотын Захирагч С.Амарсайхан тус дүүргийн удирдлагууд, албан хаагчдад хандан онцгой дэглэмийн үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг хариуцлагатай хийж гүйцэтгэхэд анхаарч ажиллахыг санууллаа. Дэлхий нийтэд хурдацтай тархаж байгаа цар тахлаас иргэн бүр төрийн засгийн шийдвэрийг биелүүлж хариуцлагатай хандаж эрсдэлийг даван туулах боломжтой гэдгийг тэрбээр онцоллоо. Мөн амны хаалт зөвхөн Монгол Улсад бус дэлхий нийтэд хомсдож байгаа учраас өөрсдийн дотоод нөөц боломжоо ашиглаж үйлдвэрлэх шаардлагатай гэдгийг сануулсан юм. 

Үүний дараагаар Хотын Захирагч С.Амарсайхан тус дүүрэгт байрладаг ОБЕГ-ын харьяа Уул уурхайн авран хамгаалах ангид очиж ажиллалаа. Учир нь энэхүү аврах ангийн бие бүрэлдэхүүн дотоод нөөц боломжоо ашиглаж  онцгой байдлын ажилтны хувцас оёх оёдлын цех байгуулжээ. Энэхүү оёдлын цех 50 оёдлын машинтай, мөн тэр хэмжээний иргэнийг ажлын байраар хангах боломжтой болжээ. Хотын захирагч С.Амарсайхан "Амны хаалтын хэрэглээ иргэдийн дунд огцом өсөн нэмэгдэж, олдоц муутай байгаа цаг үед иргэд өөрсдөө гарын доорх материалыг ашиглан өөрсдөө амны хаалт хийж хэрэглэх шаардлагатай. Ийм нөхцөлд та бүхэн шинээр байгуулсан оёдлын үйлдвэртээ амны хаалт оёж иргэдэд нийлүүлэх нь чухал байна" гэв. Тиймээс  нэн даруй үйл ажиллагаагаа эхлүүлж, эхний ээлжинд иргэдийн дунд эрэлт хэрэгцээтэй байгаа амны хаалт оёж дүүрэг нийслэлийн иргэдийн хэрэгцээг хангахыг чиглэл болголоо.

Тэрбээр үдээс хойш тус дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээр зочилж үйл ажиллагаа,  хүүхэд залууст үзүүлж буй үйлчилгээг сонирхов. Налайх дүүрэгт 12 мянган залуучууд амьдарч 13 мянган хүүхэд суралцаж боловсорч байна. Тэдэнд чиглэсэн бодлого үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа тухай мэдээллийг дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Б.Наранбаяр Хотын даргад хүргэлээ. 

Хотын захирагч С.Амарсайхан тус дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүдэд хандан хийж хэрэгжүүлж буй ажил үйсдээ эзэн байж, хариуцлагатай, сэтгэлтэй ажиллахыг захив. Түүнчлэн  өөрийн зүгээс шаардлагатай дэмжлэг туслалцааг боломжийн хэрээр үзүүлж ажиллахаа илэрхийлж, Монгол Улсын ирээдүй болсон залуус, хүүхэд багачуудын төлөвшил хандлагыг зөв чиглүүлэх үйлсэд хүчин зүтгэж байгаа залууст амжилт хүслээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс мэдээлэв.


.


Холбоотой мэдээ