Авто зам барих зориулалтаар газар эзэмших эрх олгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-04-28 10:43:47

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Газар эзэмших эрх олгох тухай” А/318 дугаар захирамж гаргалаа.

Захирамжаар Нийслэлийн төсвийн хөрөнгөөр нийслэлийн нутаг дэвсгэрт барьж байгуулахаар төлөвлөгдсөн нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан зургийн даалгаврын дагуу 17 авто зам, замын байгууламжийн байршил, хэмжээг дараах байдлаар тогтоон нийслэлийн Авто замын газарт 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгов. Үүнд:  

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 38 дугаар байрнаас урагш 111 дүгээр сургуулийн зүүн талаар “Авто Доктор” хүртэлх ус зайлуулах шугам, 25 дугаар хороо 37А байрнаас 57 дугаар байр хүртэлх авто замд 2.45 га

Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Ус сувгийн удирдах газрын спорт заалнаас баруун зүгт кино үйлдвэрээс Доржийн гудамж уруу өгсөх замтай холбох авто замд 1.06 га

Баянзүрх дүүргийн 20, 23, 28 дугаар хороо Улиастай Гачуурт чиглэлийн 11км авто замын өргөтгөл шинэчлэлтэд 55 га

Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Нарангийн голын авто замаас 81 дүгээр цэцэрлэг хүртэлх 0.17 км авто замд 0.42 га

Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо 65 дугаар сургуулийн өмнөх 0.16 км авто замд 0.4 га

Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Баянхошууны төв замаас 127 дугаар цэцэрлэг хүртэлх 0.27 км авто зам 0.67 га

Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо 34 дүгээр байрны хойд талын гүүрнээс хойш явсан асфальтан замын төгсгөлөөс 23 дугаар хороолол уруу явах 0.89 км авто замд 2.22 га

Сонгинохайрхан дүүргийн 9, 25 дугаар хороо Зүүн салааны авто замаас 170 дугаар цэцэрлэг хүртэлх 0.37 км авто замд 0.92 га

Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, ЗДТГ-ын байрны арын 0,13 км авто замд 0.32 га

Сонгинохайрхан дүүргийн Цамбагаравын 11 дүгээр байрны хойд талын гэр хорооллын авто замаас 31 дүгээр хороо хүртэлх 0.22 км авто замд 0.55 га

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Нефтийн 1, 2, 3,27-р  байрны дундах 0.45 км авто замд 1.12 га

Баянгол дүүргийн 9, 10 дугаар хороо 22А байрны урд уулзвараас хойш усан сангийн урд үерийн хамгаалалтын гүүрний уулзвар хүртэлх 0.41 км авто замд 1.02 га

Хан-Уул дүүргийн 2, 3 дугаар хороо Үйлдвэрчний гудамжийг Чингисийн өргөн чөлөөтэй холбох 1.7 км авто замд 8.5 га

Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, FM104.5 радиогийн хажуугийн авто замыг сансрын шатахуун түгээх станцын арын төв зам хүртэлх авто замд 0.63 га

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Драгон худалдааны төв”-ийн урд талын талбайд байрлах “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн тохижилт ба авто зогсоолд 2.25 га

Баянзүрх дүүргийн Баянзүрх товчоо орчмын авто замд 22.4 га

Хан-Уул дүүрэг 13 дугаар хороо, Эмээлт үйлдвэрлэл технологийн парк, шинэ суурьшлын бүсэд 148.98 га;

Дээрх авто зам, замын байгууламжийн төлөвлөлтийн шийдлийг хянан батлахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт, кадастрын бүртгэлд бүртгэхийг Өмчийн харилцааны газарт, авто замын ажилд хяналт тавьж ажиллахыг Авто замын газарт тус тус үүрэг болголоо. Захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт даалгав гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Холбоотой мэдээ