Токиод сакура цэцэглэж эхэлжээ

Дэлхийд | Байгаль орчин
Jargal.d@montsame.mn
2020-03-15 12:18:16

ТОКИО. /TASS/. Японд сакура цэцэглэх улирал эхэллээ. Токио хотын шинто шашны Ясүкүни сүм дэх Алс Дорнодын сортын интоорын модонд анхны цэцэг дэлбээгээ нээжээ.


Цаг уурчдын мэдээлснээр, энэ оны хувьд нийслэл Токио хотод сакура өмнөх жилийнхээс 12 өдрийн өмнө цэцэглэсэн байна.


"Тусгай хяналтад” байдаг модонд эхний таван цэцэг дэлбээлэх үед Токиод сакура цэцэглэх улирлыг албан ёсоор эхэлсэнд тооцдог аж. Интоорын модны бүх ойг хянадаг Японы цаг уурын албаныхан цэцэг дэлбээлэх явцыг гуравдугаар сарын эхнээс ажиглаж эхэлдэг байна. Тус албаны ажилтан бямба гаргийн өглөө Ясүкүни сүмд очиж интоорын модны мөчир дээрх ягаан цэцгийн дэлбээг өөрийн нүдээр харснаар “Токиод сакура цэцэглэлээ” хэмээн албан ёсоор зарлажээ.


Энэ жилийн хувьд коронавирусний халдвар дэгдсэний улмаас нутгийн иргэд, жуулчид сакура дэлбээлэхийг харж чадахгүй болоод байгаа юм. Нийслэл хотын эрх баригчид сакура цэцэглэх үеэр оршин суугчдыг цэцэрлэгт хүрээлэнгүүдээр зугаалахгүй байхыг уриалжээ.


Япончууд сакураг улс үндэстнийхээ бэлгэ тэмдэг гэж үздэг бөгөөд харин цэцэг нь албан бусаар төрийн сүлдэд тооцогддог байна. Интоорын мод бүрэн цэцэглэх үе ихэвчлэн дөрөвдүгээр сарын эхээр тохиодог ажээ.


Хамгийн сүүлийн мэдээгээр, Японд коронавирусний халдвар авсан хүний тоо 1484 болж, 29 хүн нас барсан байна.


Холбоотой мэдээ