Өмнөд Солонгост тусгаарлагдаж буй иргэдийг цахим бугуйвчаар хянахыг дэмжжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-04-09 13:29:28

СӨҮЛ. /Yonhap/. Хорио цээрийн болон тусгаарлах дэглэмийг сахиж байгаа эсэхэд хяналт тавихын тулд цахим бугуйвч ашиглахыг БНСУ-ын иргэдийн дийлэнх нь дэмжиж байгааг нийгмийн судалгааны “Realmeter” агентлагийн явуулсан санал асуулгын дүн харуулжээ.


Санал асуулгад оролцогсдын  77.8 хувь нь коронавирусний халдвар дахин дэгдэхээс урьдчилан сэргийлэхийн тулд энэхүү арга хэмжээг хэрэгжүүлэхийг дэмжсэн бол 16.5 хувь нь эсэргүүцсэн бөгөөд тэдний үзэж байгаагаар энэ нь хүний эрх зөрчих аж.   


БНСУ-ын Засгийн газрын дөрөвдүгээр сарын 7-ны өдөр болсон хуралдааны үеэр хөл хорионд байгаа иргэдийн хөдөлгөөнийг хянахын тулд цахим бугуйвч ашиглахыг санал болгож, олон нийтээр хэлэлцүүлсний дараа дахин хэлэлцэхээр болжээ. Тус улсад одоогоор хөл хорионд байгаа хүмүүсийг гар утасны программын тусламжтайгаар хянаж байгаа боловч ухаалаг гар утсаа гэртээ үлдээх эсвэл GPS функцийг нь унтраах зэргээр дэглэмийг зөрчсөн тохиолдол гарсаар байгаа аж. Одоогийн байдлаар 46500 хүн гэрийн хөл хорионд байгаа бөгөөд тэдний 36 мянга нь гадаадаас ирсэн хүмүүс аж. Өмнөд Солонгосын хууль сахиулах байгууллагынхан хорио цээрийн дэглэмийг зөрчсөн 75 тохиолдлыг илрүүлжээ.


БНСУ-д гадаадаас ирсэн бүх иргэн, халдвар авсан хүмүүстэй хавьтсан, мөн халдварын шинж тэмдэг хөнгөн илэрч буй хүмүүс хоёр долоо хоног өөрийгөө тусгаарлах ёстой юм. Уг дэглэмийг зөрчиж, хорио цээрийн байгууллагад эрүүл мэндийнхээ талаар худал мэдээлэл өгвөл нэг жил хүртэл хугацаагаар хорих, эсвэл 10 сая воноор (8200 ам. доллар) торгох шийтгэл оногдуулна.


Лхагва гарагт явуулсан санал асуулгад 18-аас дээш насны 500 хүн оролцжээ.


Холбоотой мэдээ