Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдөд үйлчлэх шинэ төвтэй боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-06-16 16:21:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдэд үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний төвийг Чингэлтэй болон Сүхбаатар дүүрэгт нээлээ.


Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын Хүн амын сан (ХАС)-гийн хамтран хэрэгжүүлж буй Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэл болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох хариу арга хэмжээ авах үндэсний чадавхыг бэхжүүлэх зорилготой, “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн хүрээнд тус 2 төвийг нээж байна. Энэ төслийн хүрээнд нийт 11 төвийг шинээр байгуулснаар НҮБ-ын ХАС-гийн дэмжлэгтэй Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Нэг цэгийн үйлчилгээний төв 17 болов.


Нээлтийн ёслолд ХНХЯ-ны Хүүхэд, залуучууд, ахмад настан, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Баярмаа, Нийслэлийн засаг даргын орлогч Ш.Анхмаа, ГБХЗХГ-ын Хүүхэд хамгаалал, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Н.Өлзийхутаг, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуул, НҮБ-ын ХАС-гийн Шадар суурин төлөөлөгч А.Илиза нар оролцлоо.


Засгийн газраас “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж хөл хорио хязгаарлалтын дэглэм тогтоосноор хүн амын өдөр тутмын амьдралын хэв маягт эрс өөрчлөлт орж олон нийтийн дунд стресс нэмэгдэж, зарим өрхийн түвшинд гэр бүлийн хүчирхийллийг дэврээх шалтгаан болж байгаа юм.


Үүнийг харгалзан ХНХЯ-ны саналаар уг тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд зориулан НҮБ-ын ХАС-гаас донор байгууллага болох Швейцарын хөгжлийн агентлагтай зөвшилцөн төслийн төсөвт яаралтай нэмэлт өөрчлөлт оруулж, дүүргийн захиргаанаас ажлын байр, ажилтнуудын асуудлыг шийдсэн байна.

Холбоотой мэдээ