ДОРНОГОВЬ: Мандах сумын сургуулийг Ардын багш Ш.Лувсандоржийн нэрэмжит болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-05-03 15:42:30

Сайншанд, 2024 оны тавдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Мандах сумын ИТХ-ын 2024 оны 18/04 дугаар тогтоолоор сумын ерөнхий боловсролын сургуулийг Монгол Улсын Ардын багш, ШУТИС-ийн хүндэт профессор, доктор Шагдарын Лувсандоржийн нэрэмжит болгожээ.


Тэрээр Мандах суманд төрсөн бөгөөд 1956 онд МУИС-ийн түүхийн ангийг төгсөж ажлын гараагаа Дундговь аймгийн төвийн 10 жилийн сургуульд түүхийн багшаар ажиллаж эхэлснээс хойш улсад нийт 65 жил хөдөлмөрлөсөн байна.


Сумын ерөнхий боловсролын сургуулийг түүний нэрэмжит болгосноос гадна түүх нийгмийн ухааны кабинетыг Ш.Лувсандорж багшийн үр хүүхдүүд есөн сая төгрөгөөр тохижуулж хүлээлгэн өгчээ.


Ш.Лувсандорж “ШУТИС-д хүрсэн 40 жилийн түүхэн замнал” 1999, “ШУТИС-ийн 50 жилийн түүхэн замнал” 2009, “Чингис хааны өрлөгүүд” 2009, “Фашизм, милитаризмын эсрэг тэмцлийн жилүүд дэх нам, төрийн бодлого: түүний хэрэгжилт” 2011, “Сайн оюут Очир миний 80 жилийн цадиг” дурсамж 2014, “Дорноговь аймгийн Мандах сумын хураангуй түүх” 2017, “Монголын түүхийн сурах бичиг” 2004, 2006 онд хоёр ботийг эрхлэн гаргуулж, 2019 онд хэвлэгдсэн “Монголын түүхийн сурах бичиг” хоёр ботийг бичиж хэвлүүлэхэд идэвхтэй оролцсон байна.


Мөн 11 удаа нэг сэдэвт бүтээл, есөн сурах бичиг, эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл 72-ыг бичиж, нийгэм, хүмүүнлэгийн долоон багшийн докторын диссертацийн албан ба албан бус зөвлөх, редактораар ажиллажээ.


Холбоотой мэдээ