Монгол хүн бүр худам бичгээ сурахыг уриалав

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2020-09-10 16:07:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр тохиож буй Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан  Монголын ардчилсан холбооны дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн хөдөлгөөн санаачлан “Хэлмэгдсэн монгол бичиг мину” нөлөөллийн ажлыг зохион байгууллаа.


Хэлмэгсдийн хөшөөний дэргэд болсон энэхүү цуглааныг зохион байгуулагчид үндэсний өв соёл болсон монгол бичгээ хүүхдэд бага ангиас нь эхлэн заах, цаашид түгээн дэлгэрүүлэх хэрэгтэйг уриалж байв.


Монгол бичгийг түгээн дэлгэрүүлэх хөдөлгөөнийг санаачлагч Д.Аззаяа: Монголын түүхийн тодорхой цаг хугацаанд монгол бичиг хэлмэгдүүлэлтэд өртөж байсныг бид мэднэ. 1944 онд тухайн үеийн төр засгаас шийдвэр гарснаас хойш 1946 оноос бүх нийтээрээ кирил үсэг хэрэглэдэг болсон. Энэ нь монгол бичиг түүхэн цаг үед хэлмэгдэж байсан гэж үзэх шалтгаан болж байна. Үүнийг үр хойч, залуус үеийн үед битгий мартаасай, монгол бичиг, соёлоо битгий хэлмэгдүүлээсэй гэж сануулах гэж эмэгтэйчүүд бид энэхүү хөдөлгөөнд нэгдэж байна. Тухайн жилүүдэд монгол үндэстнийг илэрхийлэх босоо бичиг маань хэлмэгдсэн ч өнөөдөр бид монгол дээлээ өмсөөд, үгээ хэлэх эрхтэй болжээ. Худам бичгээ мэдэх хүн ховордож байгаа учир цаашид түгээн дэлгэрүүлэхийг залууст уриалж байна” гэв.


Монгол бичгийг түгээн дэлгэрүүлэх хөдөлгөөнийг зохицуулагч С.Эрдэнэцэцэг: Аливаа үндэстнийг тодорхойлох гол зүйл нь хэл, бичиг байдаг. Тиймээс өөрсдийн түүх соёлыг үр хойчдоо үлдээж чадахгүй бол тухайн соёл устаж үгүй болно.  Бид Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх энэхүү өдрийг тохиолдуулан цаашид монгол хүн бүр босоо бичгээрээ нэрээ бичиж чаддаг, албан байгууллагууд монгол бичгээрээ хаягладаг болохыг уриалж байна. Бид энэхүү хөдөлгөөний хүрээнд монгол бичгийг түгээн дэлгэрүүлэх ажил хийх болно. Нэгдүгээр ангиас нь монгол бичгээ зааж сургавал хүүхэд хамгийн хурдан сурна. Хүн бүхэн Монгол гэдгээрээ бахархдаг цаг үе иржээ. Тиймээс дан ганц төр засгаас хамаарч бус өнөөдөр энд цугласан түүх, нийгэм, монгол хэлний багш, эмэгтэйчүүд монгол бичгийг үнэгүй заах талаар ярьж, цаашлаад дүүрэг бүрт ажлын баг байгуулах төлөвлөгөөтэй  байна” гэлээ.


Энэхүү үйл ажиллагаанд үндэсний монгол  хувцсаа өмссөн 100 гаруй эмэгтэй,  бусад төрийн бус байгууллагын залуус дэмжин оролцсон юм. 

Ш.Мөнхбаяр

Гэрэл зургийг Т.Чимгээ


Холбоотой мэдээ