Хөрөнгийн зах зээлийн мэргэшсэн шинжээчдийг бэлтгэх олон улсын тэмцээн эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-09-25 12:03:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэшсэн шинжээчдийг бэлтгэх олон улсын “CFA research challenge" тэмцээний нээлт өнөөдөр Монголын Хөрөнгийн биржид боллоо. 

Олон улсын санхүүгийн шинжээчдийн холбоо, Монголын Итгэмжлэгдсэн санхүүгийн шинжээчдийн нийгэмлэгээс хамтран зохион байгуулж буй энэ удаагийн тэмцээнд манай улсаас 7 их, дээд сургуулийн 9 баг бүхий 45 оюутан оролцож байна. 

Тэмцээний талаар Монголын Итгэмжлэгдсэн санхүүгийн шинжээчдийн нийгэмлэгийн тэргүүн С.Дашдоржоос тодруулбал, "Олон улсын санхүүгийн шинжээчдийн холбоо (CFA institute) хөрөнгийн зах зээлд ажиллах шинжээч мэргэжилтнүүдийг бэлтгэх олон улсын тэмцээнийг жил бүр зохиодог. Манай улс Ази, Номхон далайн бүсийн тэмцээнд 2016 оноос оролцож ирсэн. 


Тэмцээн эх орондоо эхэлж, шалгарсан баг, оюутнууд Ази, Номхон далайн бүсийн тэмцээнд оролцон өрсөлддөг. Монголын баг Азийн шилдэг 5 багийн нэгээр шалгарч байсан" гэв. Тэрээр, тэмцээнд жил бүр 30 оюутан, энэ жил 50 шахам оюутан оролцож байна. Өнгөрсөн 4 жилд нийтдээ 100 гаруй оюутан хамрагдсан. Энэ хэрээр Монголын хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэшсэн шинжээчид бэлтгэгдэж буйг онцоллоо. 


Тэмцээнд оролцогч оюутнууд өнгөрсөн жил "АПУ" ХК-ийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ судалгаа хийн оролцож байсан бол энэ жил "Мандал даатгал" ХК-д ажиллаж хөрөнгийн судалгааг хийж шинжлэх юм. Энэ жилийн олон улсын “CFA research challenge" тэмцээн Монголд хөрөнгийн зах зээл хөгжсөний 30 жилийн ойгоор болж, Монголын Хөрөнгийн бирж дэмжин оролцож байна. 


                                                                                                                                                                                              


Холбоотой мэдээ