Алтай чуулгын хөгжимчид тэргүүн байр эзэллээ

Фото
185@montsame.mn
2020-10-06 20:11:59

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Төрийн хошой шагналт Ч.Лодойдамбын нэрэмжит Ардын дуу бүжгийн "Алтай" чуулгаас санаачлан Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Аюушийн нэрэмжит гоцлол болон цөөхүүл хөгжимчдийн бүсийн анхдугаар уралдааныг амжилттай зохион байгууллаа.


Тус уралдааныг Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Аюуш, Улсын филармонийн Уран сайхны удирдагч, Монгол Улсын Морин хуурын чуулгын Ерөнхий удирдаач Д.Түвшинсайхан, Азийн ятгын хатан хаан, Монгол Улсын гавьяат жүжигчин, ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ нар нар шүүн дүгнэн шилдгүүдийг шалгарууллаа. Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговь, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Увс зэрэг аймгийн театр, чуулгын 140 гаруй гоцлол болон цөөхүүл хөгжимчид оролцсон юм. 

 Гоцлол хөгжмийн төрөл:

-Нэгдүгээр байр-Ардын дуу, бүжгийн “Сэлэнгийн долгио” чуулгын гоцлол хөгжимчин З.Одонтунгалаг  /ёочин/

-Хоёрдугаар байр-Ховд аймгийн хөгжимт драмын театрын гоцлол хөгжимчин Д.Мөнхсүх /морин хуур/

-Гуравдугаар байр-Говь-Алтай аймгийн Ардын дуу, бүжгийн “Алтай” чуулгын эвэр бүрээч О.Жанчивдорж /эвэр бүрээ/

Тусгай байр-Ардын дуу, бүжгийн “Хан Хэнтий” чуулгын гоцлол хөгжимчин Ц.Галмандах /морин хуур/ нар шалгарсан бол МУУГЗ Ш.Аюушийн нэрэмжит шагналыг Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын гоцлол хөгжимчин Б.Айган доомборын төрлөөр хүртэв. 

 

Цөөхүүл хөгжмийн төрөлд: 

-Нэгдүгээр байр-Говь-Алтай Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын хөгжимчид

-Хоёрдугаар байр-Ховд аймгийн хөгжимт драмын театрын хөгжимчид

-Гуравдугаар байр-Завхан аймгийн хөгжимт драмын театрын хөгжимчид

МУУГЗ Ш.Аюушийн нэрэмжит шагналыг Увс аймгийн “Ойрад” театрын хөгжимчид тус тус хүртсэн байна.

Энэ үеэр Азийн ятгын хатан хаан, Монгол Улсын гавьяат жүжигчин, ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ 1400 жилийн тэртээ Монгол нутагт эгшиглэж асан Ховд аймгийн Манхан сумаас олдсон “Алтай ятга”-ын шинэ зэмсгийг “Мөнхөд эгшиглүүлж яваарай” хэмээн Ардын дуу, бүжгийн “Алтай” чуулгын дарга, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Ц.Энхболдод гардуулж, баяр хүргэлээ.

Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Бат-Эрдэнэ энэхүү уралдааны шагнал гардуулах ёслолд оролцож, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Аюуш, Азийн ятгын хатан хаан, Монгол Улсын гавьяат жүжигчин, ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, Хөгжмийн зохиолч Б.Цэрэндондов нарт аймгийнхаа “Хүндэт тэмдэг” гардуулж талархал илэрхийлэв.