Орон нутгийн сонгуулийн санал хураалт эхэллээ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2020-10-15 06:55:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт 07.00 цагт орон даяар эхэллээ. Санал хураалт 20.00 цаг хүртэл үргэлжилнэ.


Улсын хэмжээнд шат шатны сонгуулийн 2148 хэсгийн хороонд 21 мянга 400 төрийн албан хаагч ажиллаж байна. Засгийн газраас баталсан COVID-19 цар тахлын үед ээлжит сонгууль явуулах тухай журмын хүрээнд сонгуулийг зохион байгуулах бөгөөд ирцийн мэдээллийг СЕХ 12.00, 15.00, 19.00 цагт танилцуулах юм.


Орон нутгийн ИТХ-ын мандатын тоо буюу суудлын тооны хувьд аймаг, нийслэлийн хэмжээнд 816, сум, дүүргийн ИТХ-ын мандатын тоо 7 мянга 353 байна. Улсын хэмжээнд 8169 суудлын төлөө 17 мянга 161 хүн өрсөлдөх юм. Тодруулбал, аймаг, нийслэлийн 816 мандатын төлөө 1901,  сумын ИТХ-ын 7062 мандатын төлөө найман намаас 14388, дүүргийн 291 суудалд 6 нам эвслээс 696 нэр дэвшигч өрсөлдөнө.


Санал хураалтын дараа хууль заасны дагуу бүх хэсгийн хороонд хяналтын тооллогыг саналын хуудасны 50 хүртэлх хувьд явуулахаар чиглэл хүргүүлсэн байна. Ингэхдээ тухайн хэсэгт байгаа нам, эвслийн ажиглагчдын сонголтоор ил тод тоолно.

Улсын хэмжээнд нийт 2 сая 140 мянга 95 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгджээ. Тэдгээрийн 126 мянга 194 нь түр хасав тэмдэглэгээтэй байна. Нийслэлд нийт нэг сая 45226 сонгогч байгаагаас 90 мянга 48 нь түр хасав тэмдэглэгээтэй байгаа юм.

Холбоотой мэдээ