Ж.Ганбаатар: Зах зээлийг мөнгөжүүлж хөдөлгөөнд оруулах хэрэгтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-12-24 13:11:53
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар "COVID-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэх явцад түр завсарлав.


Засгийн газраас энэ сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар хийсэн юм. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх зорилгоор Засгийн газрын тогтоолоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны хоёрдугаар сарын 13-ны өдрөөс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, үйлчлэх хугацааг 10 удаа, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, үйлчлэх хугацааг 4 удаа сунгаад байгаа юм.


Гэлээ ч улс орны нийгэм, эдийн засгийн чадавх, төсөв, санхүүгийн байдлаас шалтгаалан зарим шийдвэрийн хэрэгжилт хангалтгүй байна. Цаашид коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал энэ байдлаар удаан үргэлжилбэл Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, нэн ялангуяа нийгмийн эрүүл мэндийн аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, эдийн засгийн хямралт нөхцөлийн түвшинд хүргэхэд ойрхон байна гэж Засгийн газар үзэж байгаа аж.


Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр хуулийн үйлчлэх хугацааг сунгахын зэрэгцээ коронавируст халдварын цар тахалтай тэмцэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх зарим нэр томьёоны тодорхойлолтыг шинээр нэмж оруулах; цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагаатай холбогдох УИХ, Засгийн газар, Улсын Онцгой Комиссын үүрэг, авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхой болгох; төрийн захиргааны байгууллагын хэрэгжүүлэх үйл ажиллагаа, салбар хоорондын харилцан ажиллагааны уялдаа, авч хэрэгжүүлэх арга хэмжээг нэмэгдүүлэх; зарим нэн шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд холбогдох татвар, торгуулиас чөлөөлөх асуудлыг нэмэлт, өөрчлөлтөөр оруулахаар зохицуулсан байна.


Мөн цар тахлын үед гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах горимд байршуулсан барааг гаалийн нутаг дэвсгэрээс буцаан гаргах хугацаа, улсын хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгслийн хугацаа хэтэрсэн тохиолдол, мөн гадаадын иргэн, харьяалалгүй хүний бүртгэл, виз болон оршин суух зөвшөөрлийн хугацаатай холбоотой зохицуулалтыг нэмэхээр тусгажээ. Түүнчлэн цар тахлын үед байгууллага, хуулийн этгээд, иргэний зарим үүрэг, хориглох үйл ажиллагааг нэмж тусгах; бусад хууль тогтоомжоор зохицуулж байгаа зарим давхардсан хэсэг, заалтыг хүчингүй болгож, зарим хэсэг, заалтыг хууль тогтоомжтой нийцүүлэн өөрчлөн найруулахаар тусгасан байна. Хуулийн төсөл батлагдсанаар нийгмийн эрүүл мэндийн аюулгүй байдал, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн нийгмийн хэвийн үйл ажиллагаа, хүн амын аюулгүй, эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх эрх зүйн орчин боловсронгуй болно гэж Засгийн газар үзэж байгаа аж.


УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны энэ сарын 22-ны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Б.Дэлгэрсайхан танилцууллаа. 


Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Одонтуяа, хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Ц.Туваан гишүүнээр ахлуулсан ажлын баг хуулийн өөрчлөлтийн талаарх төслөө өргөн барьсан гэдгийг тодотгов. Мөн Ж.Сүхбаатар гишүүний өргөн барьсан хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөл байгааг дурдаад, дээрх гурван төслийг нэгтгэн хэлэлцэх горимын санал гаргав. 


УИХ-ын гишүүн С.Бямбацогт, өчигдөр түр хороо хуралдаж холбогдох албаны мэдээлэл сонссон. Монголбанк, ХЭҮК-оос хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай санал байгааг хэлж байсан. Энэ чиглэлээр УИХ-ын нэр бүхий гишүүд хуульд орхигдсон, яаралтай шийдэх ёстой асуудлаар хуулийн төсөл боловсруулж байгаа. Хуулийн төслийг өнөөдөр эсвэл маргаашдаа багтаж УИХ-д өргөн барихаар төлөвлөж байна. Энэ хуулиудыг нэгтгэн хэлэлцэх саналаа илэрхийлэв.


УИХ-ын дарга Г.Занданшатар, хоёроос дээш хуулийн төсөл өргөн барьсан бол Байнгын хороо нэгтгэн хэлэлцэх хуулийн зохицуулалт байгааг дурдаад, хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах эсэхийг УИХ-ын даргын зөвлөлөөр хэлэлцэн шийдвэрлэнэ гэлээ. 


УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Монголбанк санаачилга гаргаж буйг Засгийн газар дэмжих хэрэгтэй гэсэн санал хэлэв. Тэрбээр, Монголбанкид Монгол Улсын нийт хадгаламжийн 60-70 хувь буюу 13 их наяд төгрөгийн 8 их наяд нь цуглаад буйг дурдаад, зах зээлд мөнгө байхгүй байгааг хэллээ. Тиймээс зах зээлийг мөнгөжүүлж хөдөлгөөнд оруулах хэрэгтэй гэж байв.


УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, хуулийн нэмэлт, өөрчлөлтөд цаг үеийн байдлаас хамаарч зарим үр дүнгүй арга хэмжээг авч хэлэлцэх шаардлагатай гэсэн санал хэлэв. Тэрбээр, цахилгаан дулааны мөнгийг тэглэсэн нь 200мВт хүчин чадалтай станц барих хэмжээний мөнгө гэдгийг тэмдэглээд, мөнгө зарцуулж буй арга хэмжээнүүддээ анхаарах хэрэгтэй байгааг сануулав. Мөн эмнэлгийн ажилчдыг 72 цаг тутамд PCR шинжилгээнд хамруулж буй Сингапур улсын жишээг дурдаж, манай улс ч эмч нараа PCR шинжилгээнд хамруулах шаардлагатайг хэлж байв. 


Шадар сайд Я.Содбаатар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, дэлхий нийтийн чиг хандлага эрсдэлэтй бүлгийн эрт илрүүлэг, идэвхтэй тандан судалгаа гэдгийг тодотгоод, манай улсын хувьд эрсдэлтэй 10 бүлгийг тодорхойлсон гэв. Тодруулбал, эмч ажилчид, нийтийн тээврийн жолооч, хил, галийн ажилчин, кассын ажилтан, суурь өвчтэй хүмүүс, цагдаа гэсэн иргэдтэй байнга харьцдаг хүмүүс багтаж буйг хэллээ. Тэдгээр иргэдийг 14 хоногийн хугацаанд давтан шинжилгээнд хамруулах юм байна. 


Мөн ХӨСҮТ-ийн ачааллыг бууруулж, Яармагийн эмнэлэг рүү шилжүүлж буй бөгөөд ХӨСҮТ-д нэг удаагийн ариутгал халдваргүйтгэл зохион байгуулж буйг тэмдэглэв. Мөн эмнэлэг, асрамжийн газар, хорих байгууллага зэрэг битүү орчинтой газруудын ариутгал халдваргүйтгэлд анхаарах олон улсын санал, зөвлөмж ирж буйг тодотгоод, энэ хүрээнд ажиллаж буйг онцлов. 


УИХ-ын гишүүн Ц.Туваан, хүнсний хангамжийг тодруулахын зэрэгцээ цар тахлын хуульд хувь хүний нууцыг хадгалахтай холбоотой зохицуулалт хэрхэн туссаныг, дотуур байранд байгаа оюутны асуудлыг хэрхэн авч үзсэн талаар тодруулав. Мөн хууль, шүүхийн байгууллага цар тахлын үед ажиллахаар заасан ч өмгөөллийн байгууллага байхгүй байгааг лавлав. 


Шадар сайд Я.Содбаатар, хүнсний хангамжийн хувьд цөөн хэдэн төрлийн бараанаас бусад нь нөөц хангалттай байгааг тэмдэглэв. Тухайлбал, өндөгний 50 хувийг ОХУ-аас авдаг бол Алтанбулаг боомт хааснаар түр импорт зогссон. Гэхдээ галт тэргээр ачиж оруулж ирж буйг хэллээ. Харин нарийн ноннооны хувьд Замын-Үүд боомтыг хаасантай холбоотой хомстол үүсэж буйг дурдаад, энэ хүрээнд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханаар ахлуулсан Хүнсний хангажмийн шуурхай штаб ажиллаж буйг дурдав. Бүх нийтийн бэлэн байдлын үед хязгаарлалт тогтоохгүй салбарт өмгөөлөл болон нотариатын байгууллагын үйл ажиллагааг Засгийн газрын тогтоолд тусган асуудлыг шийдвэрлэсэн хэмээлээ. Мөн хувь хүний нууцтай холбоотой асуудлаар хуульд зохицуулалт байгаа хэдий ч иргэд зөрчиж хувь хүний мэдээллийг ил болгоод байгаа гэв. Тиймээс хуульд нарийчвлан зохицуулалт тусгаж байгаа гэлээ. Тэрбээр, 3800 тонн өнжмөл өвс, 1800 тонн тэжээлийг өвөлжилт хүндэрч буй аймгуудад үнэгүй өгөхөөр болж буйг онцлов. Мөн Дэлхийн банкны 5 сая ам.долларын санхүүжилтээр тэжээлийн дэмжлэг болгон өвөлжилт хүндэрсэн 75 суманд олгохоор болж буйг хэллээ. Дотуур байранд байгаа оюутнуудын асуудлаар Ц.Туваан гишүүний өргөн барьсан хуулийн төсөлд зохицуулалт туссан байсныг хэлээд, тэдгээрийг хуульд хэлэлцүүлгийн явцад тусгах болно гэв. 


Гишүүдийн асуулт хариулт үргэлжилж буй бөгөөд эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу чуулганы танхимуудад ариутгал хийх шаардлагатай тул хуралдаан түр завсарлав.

Холбоотой мэдээ