Ж.Байден эдийн засгийн тусламжийн багцад гарын үсэг зурахыг Д.Трампт уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-12-27 10:19:05

ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп эдийн засгийн тусламжийн тухай хуулийн төсөлд гарын үсэг зурахаа хойшлуулсаар байвал “ноцтой үр дагаврууд” үүснэ гэж тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Жо Байден анхааруулжээ.


Энэхүү хуулийн төсөлд бямба гараг гэхэд гарын үсэг зураагүй тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмж, оршин суугчдын эд хөрөнгийг хураахаас сэргийлсэн хоригт нөлөөлнө. Конгресс олон сарын турш хэлэлцэн зөвшилцсөний дүнд 900 тэрбум ам.долларын багцыг баталсан юм.


Харин Д.Трампын хувьд иргэддээ илүү их тэтгэмжийг өгөх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Хуулийн төсөлд жилд 75 мянган ам.доллароос доош орлого олж буй америкчуудад 600 ам.доллар өгөхөөр тусгасан бол Д.Трамп 2000 ам.доллар болгож нэмэгдүүлэхийг хүссэн юм. Харин Конгресс дэх Бүгд найрамдах намынхан уг өөрчлөлтийг зөвшөөрөхөөс татгалзжээ.


Конгресс эдийн засгийн тусламжийн багцын хамтаар 1.4 их наяд ам.долларын холбооны төсвийг баталсан юм. Иймээс хууль тогтоогчид мягмар гаргаас өмнө түр хуулийн төсөл батлахгүй бол тухайн өдрөөс Засгийн газар хэсэгчлэн түр зогсоно. Гэвч уг баримт бичигт тусламжийн багцын талаар тусгахгүй тул Д.Трампын гарын үсэг шаардлагатай хэвээр байх ажээ.


Д.Трамп эдийн засгийн тусламжийн багцад бямба гараг гэхэд гарын үсэг зураагүй тохиолдолд Америкийн 14 сая орчим иргэн ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадахгүйд хүрэх төлөвтэй байна. 

Холбоотой мэдээ