Завханы ихэнх нутгаар -49 градус хүртэл хүйтэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-12-29 20:05:55

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн бүх нутгаар өнгөрсөн шөнө -32 градусыг давж хүйтэрлээ гэж аймгийн Ус Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэв.

Тухайлбал хамгийн хүйтэн нь Отгон сумын нутгаар агаартаа -49 градус, хөрсөнд -51 градус, Баянтэс сумын нутгаар агаар, хөрсөндөө -48 градус хүрч хүйтэрчээ. Харин Түдэвтэй, Тэлмэн сумын нутгаар агаартаа -47 градус, хөрсөндөө -50 градус, Цэцэн-Уул сумын нутгаар агаартаа -46 градус, хөрсөндөө -49 градус хүртэл хүйтэрсэн байна.

Хүйтний эрч ирэх оны эхний өдрүүдэд хүртэл хадгалагдахаар байна. Иймд төв, суурин газрын цахилгаан, дулаан хангамж, авто тээврийн зорчих хөдөлгөөнийг хэвийн явуулахад онцгойлон анхаарч, өвөлжилтийн нөхцөл, байдал хүндэрч болзошгүй тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Түүнчлэн иргэд, малчдыг хол замд тээвэр хийхдээ авто тээврийн аюулгүй байдлыг хангах. Цахилгаан дулааны их ачааллаас болж гал түймэр гарахаас урьдчилан сэргийлэх. Бага насны хүүхдийг ганц нэгээр нь малд явуулахгүй байх. Амралтын өдрүүдээр хүүхдүүдээ цас болон голын мөсөн дээр тоглуулахгүй байхыг анхааруулж байна.

Холбоотой мэдээ