Истанбулын дэлбэрэлттэй холбоотойгоор 4 хүнийг баривчлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-06-08 09:23:49

ИСТАНБУЛ. /ВВС/. Истанбул хотод олон хүний аминд хүрсэн дэлбэрэлт үйлдсэн хэрэгт сэжиглэн Туркийн аюулаас хамгаалах хүчнийхэн 4 хүнийг баривчилсан байна.

Мягмар гарагт тус хотын эртний дүүрэгт цагдаагийн албан хаагчдыг тээвэрлэж явсан автобус явж өнгөрөх мөчид зогсоолд тавьсан нэгэн автомашин дэлбэрсэн юм. Дэлбэрэлтэд өртөн 11 хүн, тэдний дотор 4 энгийн иргэн амиа алдаж, 36 хүн шархаджээ.

Сэжигтнүүд дэлбэрэлт үйлдэхийн тулд уг машиныг хөлсөлж авсан байсан гэж Туркийн хэвлэлүүд мэдээлж байна.

Цагдаа нар хамгаалалтанд гарахаар нэгэн их сургууль руу явж байсан аж.

“Лалын улс” бүлэглэлийн босогчид болон Курдын салан тусгаарлагчид Истанбул болон Анкарад нэг бус удаа халдлага үйлдэж байсан юм.

Одоогоор мягмар гарагт болсон халдлагын хариуцлагыг өөртөө хүлээснээ мэдэгдсэн ямар нэгэн бүлэглэл алга байна.

Засгийн газрыг эсэргүүцэгч террористууд уг халдлагыг үйлдсэн гэж Туркийн эрх баригчид таамаглаж байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ