Улаанбаатар хотруу зорчих хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэр хэвээр байгаа

Орон нутагт | Завхан
emunkherdene@gmail.com
2021-02-20 21:00:21
Завхан/МОНЦАМЭ/.Тус аймаг энэ сарын 21-ний өдрийн 06:00 цагаас эхлэн аймгаас сум, сумаас сум хооронд зорчих хөдөлгөөнийг нээнэ гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв. 

-“Өнөөдөр аймгийн Шуурхай штаб хуралдаж хэд хэдэн шийдвэрийг гаргаад байна. Тухайлбал 2021 оны 2-р сарын 11-ний өдрийн 23.00 цагаас 2-р сарын 21-ний өдрийн 06.00 цаг хүртэл аймгаас сум, сумаас сум хооронд зорчих хөдөлгөөнийг цагаан сарын баяртай холбогдуулан хязгаарлаад байсан билээ. Энэхүү шийдвэр аймгийн Засаг даргын 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн А/62 дугаар захирамжийн хүрээнд хэрэгжсэн. Дээрх захирамжийн хүрээнд аймаг, сумаас орох, гарах цэгүүдэд пост ажиллуулж зорчих зөвшөөрөлтэй иргэдийн бүртгэл хяналтыг чангатган ажиллалаа. Энэ хугацаанд ямар нэгэн зөрчилгүй, “Ковид-19” халдварын сэжигтэй тохиолдол гараагүй. Тиймээс өнөөдрийн хурлаар энэ сарын 21-ний өдрийн 06:00 цагаас эхлэн аймгаас сум, сумаас сум хооронд зорчих хөдөлгөөнийг нээхээр боллоо. Худалдаа үйлчилгээний байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг маш сайн баримталж үйл ажиллагаагаа хэвийн явуулна. Эрүүл мэндийн сайдын тушаалыг үндэслэн ачаа тээврийн жолооч нарын гэрийн тусгаарлалтын хугацааг 14 хоног хэвээр үлдээхээр тус тус шийдвэрлэсэн. Харин зайлшгүй шаардлагаар л биш бол Улаанбаатар хотруу зорчих хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэр хэвээр мөрдөгдөж байгаа" гэв.

Холбоотой мэдээ