Хурандаа С.Баасансүрэн ахлагчтай ажлын баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-02-21 13:25:45

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа С.Баасансүрэн ахлагчтай ажлын баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тус ажлын баг Алтанбулаг авто зам, Сүхбаатар төмөр замын боомтын нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, үнэлгээ хийх зорилготой иржээ.  

Ажлын баг аймгийн Онцгой комиссын дарга, гишүүдтэй уулзлаа. Энэ үеэр аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комссын дарга Ш.Оргил үндсэн гурван асуудалд анхаарч өгөх саналаа танилцууллаа. Үүнд:

-Боомтууд дээр ажиллаж байгаа алба хаагчдыг нэн түрүүнд вакцинжуулах,

-Одоогийн явуулж байгаа сэлгэн ачилтын ажлыг онцгой анхаарч, зөв зохион байгуулалтад оруулах. Учир нь ОХУ болон Улаанбаатар гэсэн эрсдэлтэй бүсээс хоёр талаас ачааг авч өгөхөөр 50-60 хүн ирж байгаа нь өөрөө эрсдэл дагуулж байна. Иймээс эрсдэлд өртөх газар нь Сэлэнгэ тэр дундаа Сүхбаатар, Алтанбулаг болж байгаа. Энэхүү сэлгэн ачилтыг хилээр гарч амьдрал ахуйгаа залгуулдаг орон нутгийн иргэдэд ч боломжтой хэлбэрээр зохион байгуулах хэрэгтэй байна. Учир нь бид ч бас иргэдээ бодмоор байна. Энэ талын асуудлыг онцгой анхаарч бодит байдал дээрх орчин нөхцөлтэй танилцахыг хүсье.

-Худалдааны чөлөөт бүс дэх архинаас бусад бараа бүтээгдэхүүнийг борлуулахаар нээмээр байгаа ч сэлгэн ачилттай холбоотойгоор болохгүй байна. Учир нь тэр сэлгэн ачилтыг бид чөлөөт бүсийн талбайг ашиглан зохион байгуулж байгаа. Иймээс эдгээр асуудлуудын газар дээрх нөхцөл байдалтай нь танилцаж, бодит үнэлгээг гарган холбогдох дээд шатны байгууллагуудад уламжилж өгөхийг хүсье гэв. Ажлын багийн үнэлгээ хийх ажил ням болон ирэх даваа гарагт үргэлжлэн гурван өдөр хийх юм байна.

Хилийн боомтуудад үнэлгээ хийх дээрх ажлын багийг улсын Онцгой комиссын даргын тушаалаар байгуулсан байна. Тус ажлын баг Монгол Улсын Засгийн газрын “Эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгаа сэргээх” бодлогын хүрээнд боомтуудаар ачаа тээврийг явуулахтай холбоотой, “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, аюулгүй байдлыг үнэлж дүгнэх үндсэн чиг үүрэгтэй ажээ.  

 

Холбоотой мэдээ