Сенегалын Ерөнхийлөгч “Sinopharm”-ын вакцин хийлгэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-02-26 10:16:07

ДАКАР. /Xinhua/. Сенегалын Ерөнхийлөгч Маки Салл БНХАУ-ын “Sinopharm” компанийн “COVID-19”-ийн вакцины эхний тунгаа хийлгэлээ гэж Ерөнхийлөгчийн ордон пүрэв гарагт мэдээлжээ.


Мөн Эдийн засаг, нийгэм, байгаль орчны зөвлөлийн дарга Идрисса Сек болон Засгийн газрын зарим гишүүн, Ерөнхийлөгчийн ордны ажилтнуудыг вакцинжуулсан байна. 


"Миний бие 60-аас дээш насны бүх хүн вакцинжуулалтад хамрагдах хэрэгтэй гэдгийг харуулахыг хүссэн юм" гэж Сенегалын Ерөнхийлөгч вакцин хийлгэснийхээ дараа ард түмэндээ хандан үг хэлэх үеэрээ мэдэгджээ.


Ерөнхийлөгч болон Засгийн газрын гишүүд ард иргэддээ үлгэр дуурайлал үзүүлэхийн тулд вакцин хийлгэсэн гэж К.Салл хэлжээ. Тэрбээр вакцины найдвартай байдалд итгэж, вакцины талаарх цуу яриаг үл тоомсорлон дархлаажуулалтад хамрагдахыг сенегалчуудад уриалсан байна. Мөн Засгийн газар вакцин авахын төлөө ихээхэн хүчин чармайлт гаргасныг Ерөнхийлөгч онцлон тэмдэглэжээ.


COVID-19”-ийн эсрэг вакцинжуулалтын хөтөлбөрийг “Sinopharm” компанийн 200 мянган тун вакцинаар мягмар гарагт эхлүүлсэн Сенегалд пүрэв гаргийн байдлаар 4776 хүн вакцинжуулалтад хамрагджээ. Тус улсад эхний ээлжид галын шугамд ажиллаж буй эмнэлгийн ажилтнууд, 60-аас дээш насны иргэд, архаг хууч өвчтэй хүмүүсийг дархлаажуулахаар төлөвлөжээ.  


Сенегалд 2020 оны гуравдугаар сарын 2-нд коронавирусээр халдварласан анхны тохиолдол бүртгэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 33741 хүн халдвар авснаас 28112 хүн эдгэрч, 852 хүн нас баржээ. 

Холбоотой мэдээ