Тандалт явуулын нэг баг өдөрт багадаа 200-300 хүнээс шинжилгээ авч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
oyundelger@montsame.gov.mn
2021-03-14 10:30:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НЭМГ-т яаралтай, шаардлагатай үед PCR-ын шинжилгээ авдаг тандалт явуулын таван баг ажиллаж байна.


НОК, НЭМГ-т хүсэлт гаргасны дагуу тэд ойр, дам хавьтал болон айл өрх, албан байгууллага, хэвтрийн өвчтэй хүн, товчоод дээрх PCR-ын шинжилгээгүй иргэдэд үйлчилдэг. Нэг баг дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй.


Нийслэлийн “Өргөө” амаржих газраас гарсан тандалт явуулын V баг ахлагч, халдвар судлаач Н.Пүрэвжаргалаас НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэсээс зарим зүйлийг тодруулжээ.


-Тандалт явуулын багийн бүрэлдэхүүнд орж, шинжилгээ аваад хэр удаж байна вэ?

Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 25-нд НЭМГ-ын тушаал гарч, эрүүл мэндийн байгууллагуудаас тандалт явуулын баг байгуулсан. Манай баг анх тушаал гарснаас хойш тасралтгүй ажиллаж байна. НЭМГ-ын Д.Энхтүвшин мэргэжилтэн биднийг чиглүүлэн, арга зүйгээр хангаснаар халдвар хамгааллын дэглэмээ сайн баримталж, тасралтгүй ажиллаж байна. Өдөрт хамгийн багадаа 200-300 хүнээс, ихдээ 1000 орчим иргэнээс шинжилгээ авдаг.




-Халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн, яаж баримталж байна вэ?

Хамгаалах хувцас хэрэгслээ өмсөх, тайлах, ойр орчноо, шинжилгээ авсан газраа ариутгах гэх мэт халдвар хамгааллын дэглэм, заавар, журмыг баримталдаг.


-Хүндрэл, бэрхшээл хэр тулгардаг вэ?

Замын түгжрэлээс шалтгаалаад хэвтрийн өвчтөн дээр удаж очих зэрэг асуудал үүсдэг. Мөн өвлийн хүйтэнд машиндаа байрлан ажилласан учраас заримдаа хоол унд идэх, хувцсаа солих зэрэг хүндрэл байсан. Одоо дулаараад машиндаа байрлахад асуудалгүй.


-Хэдэн цагаар ажиллаж байна вэ?

Өглөө 08.30 цагаас цугладаг. Заримдаа шөнө гэнэт дуудагдана. Хааяа эрт буувал баярлана. Нэг өдөр ажиллаж, нэг өдөр амардаг. Гэхдээ амарч байгаа үед дуудахад бэлэн байх ёстой.


-Гэрийнхэн нь хэрхэн хүлээн авч байна?

Анх айж эмээн “Угаа, ариутга, тусдаа гарах уу” гэх мэтээр хүлээж авсан. Сүүлдээ чухал ажил хийж байгааг маань ойлгож, ойр дотныхон, хамаатан садандаа магтаж ярих ч юмуу, хүндэлдэг болсон.

 

Холбоотой мэдээ