Манай улсын 5 хүний нэг нь ядуу байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2016-06-14 15:18:17

Өнөөдөр Улаанбаатар дахь НҮБ-ын байрны Хурлын танхимд “Монгол Улсын хөгжилд залуучуудын оролцоо" сэдэвт Монгол Улсын Хүний Хөгжлийн Үндэсний Илтгэл 2016-г танилцуулах ажиллагаа болов.

Тус ёслолыг нээж УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, НҮБ-ын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Биата Транкман нар үг хэллээ.

2015 оны байдлаар нэг сая гаруй 15-34 насны залуучууд Монгол Улсын нийт хүн амын 34,9 хувийг эзэлж байгаа нь хүн амын хамгийн том бүлэг болж байгаа бөгөөд залуучууд манай улсын ирээдүйд чухал үүрэг гүйцэтгэх нөөц хүч /потенциал/ болж байна. Монгол Улсад хүний хөгжлийн түвшин харьцангуй өндөр юм. 1980-2014 онд Монголын Хүний хөгжлийн индекс ихээхэн сайжирч, ХХИ-ийн 0.727 үзүүлэлтээр Монгол Улс 188 улсаас 90 дүгээрт жагссан. Гэвч хүний хөгжлийн дэвшлийн үр шимийг монголын нийт залуучууд бус, тодорхой хэсэг нь хүртэж байна. Дэлхийн банкны тооцоогоор ДНБ-ий өсөлт 2015 онд 2,3 хувьтай байсан бол уул уурхайн салбарын огцом уналтаас шалтгаалан 2016 онд 0,8 хувьд хүрэх төлөвтэй байгаа. Хүн амын таван хүний нэг нь ядуурлын түвшинд амьдарч, 10 хүн тутмын нэг нь ажилгүй байна. Залуучуудын чадавхи, сонголтод нөлөөлж байгаа зүйлүүдийг уг илтгэлд дүгнэн онцолсон юм.

НҮБХХ-ийн Хүний хөгжил, Мянганы хөгжлийн зорилтуудын хөтөлбөрийн багийн ахлагч Ж.Должинсүрэн “Ирээдүй сайн сайхны төлөө: Монгол Улсын хөгжилд Залуучуудын оролцоо” сэдэвт Хүний хөгжлийн илтгэлийн товч үр дүнгээс танилцууллаа.

Монгол залуучуудын чадавхи, сонголт ба тулгарч байгаа сорилтуудыг уг илтгэлд дурдахдаа, Боловсрол, Эрүүл мэнд, Хөдөлмөр эрхлэлт, Залуучуудыг эрх мэдэлжүүлэх нь, Залуусын аюулгүй байдал гэсэн тодорхой асуудлаар судалгаанд суурилсан зөвлөмж гарган дэвшүүлж байгаа юм.

Үндэсний илтгэлд дэвшүүлсэн асуудлуудын талаар оролцогчид харилцан санал солилцож хэлэлцүүлэг өрнүүлсэн. Хэлэлцүүлэгт 2016 оны Хүний хөгжлийн үндэсний илтгэлийг боловсруулах багийн Үндэсний зөвлөх Х.Энхжаргал, ХАХНХЯ-ны Залуучуудын хэлтсийн дарга Г.Мөнхтөвшин, МЗХ-ны дэд ерэнхийлөгч Х.Батсайхан, Сангийн яамны Макро эдийн засгийн хэлтсийн дарга Д.Отгонбаяр тэргүүтэй холбогдох албаны хүмүүс болон залуучуудын төлөөлөл оролцлоо. Мөн энэ үеэр үндэсний илтгэлийн талаар сэтгүүлчдэд зориулж хэвлэлийн бага хурал хийсэн юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ