NYT: Натанза дахь байгууламжид Израил дэлбэрэлт зохион байгуулжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2021-04-12 09:59:40

НЬЮ-ЙОРК. /TASS/. Ираны Натанза хот дахь цөмийн байгууламжийн цахилгаан түгээх сүлжээнд Израилын талаас зохион байгуулсан дэлбэрэлтийн улмаас осол гарсан гэж “The New York Times” сонин эх сурвалжуудаас эш татан мэдээлэв.


"Цахилгаан тасалдсан нь зориудаар төлөвлөсөн дэлбэрэлтээс болсон бололтой" гэж тус хэвлэлд бичжээ. Сонинд тэмдэглэж буйгаар, "дэлбэрэлтийг Израил зохион байгуулсан" гэж Америк, Израилын тагнуулын ажилтнууд мэдэгдсэн байна.


“The New York Times” сонины хоёр эх сурвалжийн мэдээлснээр, "хүчтэй дэлбэрэлтийн улмаас маш сайн хамгаалалттай, эрчим хүчний дотоод систем бүрэн устаж, уран баяжуулдаг газар доорх центрифугууд ажиллагаагүй болжээ". Энэ нь "Израилын нууц ажиллагаа байсан" гэдгийг эх сурвалжууд нотолсон байна. Тэдний хэлснээр, дэлбэрэлт "Ираны уран баяжуулах чадварт хүчтэй цохилт болжээ". Натанзагийн цөмийн байгууламжийн ажлыг үргэлжлүүлэхийн тулд дор хаяж 10 сар шаардагдаж магадгүй гэж сонины нийтлэлд дурдсан байна.


АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Израилын талын төлөвлөгөөг мэдэж байсан эсэх нь одоогоор тодорхойгүй байгааг нийтлэлд тэмдэглэжээ. "АНУ-ын албан тушаалтан Натанзад болсон осолд Израил холбоотой болохыг баталсан” гэж “The New York Times” сонин өмнө нь эх сурвалжаасаа эш татан мэдээлсэн юм.  Энэ мэдээллийн талаар АНУ-ын Төрийн департамент тайлбар өгөхөөс татгалзжээ.


Ираны Натанза хот дахь цөмийн байгууламжийн цахилгаан түгээх хэсэгт осол гарсан тухай өмнө нь тус улсын Атомын эрчим хүчний байгууллагын албан ёсны төлөөлөгч Бехруз Камальванди мэдэгджээ. Түүний хэлснээр, ослын үеэр цацраг идэвхт материал алдагдаагүй бөгөөд хүний амь эрсэдсэн, гэмтсэн тохиолдол гараагүй байна. Атомын эрчим хүчний байгууллагын дарга Али Акбар Салехи болсон явдлыг "цөмийн терроризмын илрэл" гэж мэдэгджээ.


Холбоотой мэдээ