Аймаг, сум хооронд зорчих хөдөлгөөнийг хязгаарлалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс/МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 5-аар нэмэгдлээ.
Шинэ тохиолдлуудын тухайд Зүүнговь, Бөхмөрөн сумаас ирж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотрын тасагт хэвтэн эмчлүүлж байсан хоёр иргэний шинжилгээний хариу эерэг гарсан. Мөн "Жаргалан" эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 1 иргэнээс халдвар илэрсэн ба тус иргэд нь 4-р сарын 30-нд Улаанбаатар хотоос иржээ. Улмаар гэрийн тусгаарлалтын хугацаа дууссаны дараа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ. Үлдсэн хоёр тохиолдлын хувьд 5-р сарын 24-нд батлагдсан тохиолдлын ойрын хавьтал бөгөөд Улаангом Политехник коллежийн тусгаарлах байранд байжээ.
Халдварын эрсдэл нэмэгдсэнтэй холбоотой Нэгдсэн эмнэлгийн дотрын тасаг, Жаргалан эмнэлгийн орчин дахь ойрын хавьтлуудыг илрүүлэх, тандалтын ажлыг шуурхайлж байна. Энэ хүрээнд өнөөдөр 08.00 цагаас эхлэн 72 цагийн хугацаанд аймаг, сум хооронд зорчих автомашин болон иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлалаа. Дээрх хугацаанд барааны зах, дэлгүүр, ресторан, цайны газар, кофе шоп, үсчин гоо сайхан, автомашин угаалга болон засварын төв, түүхий эдийн цэг, банкны үйл ажиллагааг түр зогсоохоор болсон байна.
Дээрх шинэ тохиолдлуудын зам, маршрутыг тодорхой болгох, тандалтын ажлын үр дүн гарах хүртэл иргэд халдвар хамгааллын дэглэм баримтлах, гэрээсээ гарахгүй байхыг аймгийн Шуурхай штабаас анхаарууллаа.