Л.Энхзориг: Хоёр тэрбум 59 сая төгрөгийн цахилгааны хөнгөлөлт үзүүлээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-05-31 13:55:49

Увс /МОНЦАМЭ/. Айл өрх болон зарим аж ахуйн нэгж, байгууллагын цахилгааны төлбөрийг ирэх 7-р сарын 1-нийг хүртэлх хугацаанд төрөөс хариуцаж байгаатай холбогдуулан Увс аймгийн эрчим хүчний хэрэглээний талаар "Увс ЦТС" ХХК-ийн Борлуулалтын албаны дарга Л.Энхзоригтой ярилцлаа.


-Хөнгөлөлт үзүүлсэнтэй холбоотой цахилгааны хэрэглээ хэр нэмэгдэж байна вэ?

-Засгийн газраас цар тахалтай холбоотой айл өрх, зарим аж ахуйн нэгж, байгууллагуудын цахилгааны төлбөрт хөнгөлөлт үзүүлсэн. Уг шийдвэр гарсны дараа цахилгааны хэрэглээ нэмэгдэж, аймгийн хэмжээнд цахилгааны хэрэглээ өмнөх үеэс 10 хувиар өссөн. Манай борлуулалтын албаны хувьд хэрэглэгчдийн цахилгаан, эрчим хүчний хэрэглээнд бичилт хийх, орлого төвлөрүүлэлтийг цуглуулах ажлыг зохион байгуулдаг. Аймгийн төвийн 13 мянган хэрэглэгчийн тоолуур, хэмжих хэрэгслийг шалгах, эвдрэл гэмтэл арилгах, дуудлага үйлчилгээг хийж байна. Төвийн 4 циклээр цахилгааны бичилтийг хийж, цахилгаан эрчим хүчний тасалдалгүй, шуурхай үйлчилгээг үзүүлэн ажилладаг. Цахилгааны төлбөрийн хөнгөлөлтийн хугацаанд нийт 2 тэрбум 59 сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн байна.

-Өнгөрсөн жилийн хэрэглээнээс хамаарч цахилгааны хөнгөлөлт үзүүлж байгаа. Зөрүү төлбөр төлөгдөж байгаа юу?

-Увс аймгийн хэмжээнд цахилгаан, эрчим хүч хэрэглэгчдийн 94 хувь нь энэхүү хөнгөлөлтөд хамрагдаж байна. Тухайлбал 1200 орчим аж ахуйн нэгжийн 700 нь цахилгааны хөнгөлөлтөд хамрагдаж байна. Үлдсэн 500 орчим аж ахуйн нэгж хөнгөлөлтөд хамрагдахгүй байгаа. Айл өрхүүдийн хувьд цахилгааны хөнгөлөлтөд бүрэн хамрагдаж байна. Харин хэрэглээнээс хамаарч 8200 орчим хэрэглэгч 85 хувь, 1900 хэрэглэгч 70-90 орчим хувийн төлбөрийн хөнгөлөлт эдэлж байна.

Тухайн өрх өнгөрсөн жилийн цахилгааны хэрэглээгээ хэтрүүлэхгүй бол зуун хувь хөнгөлөгдөнө. Харин хэрэглээ нь нэмэгдсэн бол гарсан зөрүү төлбөрийг  төлөх ёстой. Гэтэл зөрүүгээ төлөх байдал одоогоор хангалтгүй байна. Төлбөрийн үлдэгдэл үүссэн айл өрхүүдийн цахилгааныг хязгаарласан асуудал байхгүй. Ирэх 7-р сарын 1 хүртэл цахилгааны хязгаарлалт хийхгүй байх тухай салбар яамны чиглэлийг баримтлаад явж байна. Тухайлбал өнгөрсөн жил сарын цахилгааны хэрэглээ нь 30000 гарч байсан хэрэглэгч, энэ жил 40000 болоод өссөн. Зөрүү 10000 төгрөгийн үлдэгдэлтэй гээд зурвас илгээж байгаа ч иргэд төлөхгүй байгаа. Мөн МҮОНРТ-ийн хураамж 800 төгрөгийг хэрэглэгч өөрөө төлөх ёстой. Нэг хэрэглэгчид дунджаар 5000-6000 төгрөгийн үлдэгдэл үүссэн.

-Цахилгааны төлбөрийн хөнгөлөлтийг дагаад тогны мөнгө их бичигдэж байна гэх гомдол гарч байгаа?

-Цахилгааны төлбөр их гарч байна гэх гомдол гарсан үед тоолуурын хэмжилт, шалгалтыг тухай бүрд нь хийж байна. Хамгийн гол нь иргэд цахилгааны замбараагүй, задгай хэрэглээгээ хянах нь чухал. Тухайлбал нэг хэрэглэгчийн хувьд өнгөрсөн жил сарын цахилгааны хэрэглээ 40000 байсан бол энэ өвөл 200 мянга болоод нэмэгдсэн. Эргээд дулаарахтай зэрэгцэн төлбөр нь буурсан байх жишээтэй. Тэгэхээр тухайн айл өвлийн улиралд халаагч цахилгаан эх үүсвэр ашиглах зэргээр хэмнэлтгүй, замбараагүй хэрэглээтэй байсан гэсэн үг юм.

-Айл өрхүүдийн цахилгааны төлбөрийн үлдэгдэл өмнөх жилээс өссөн үү?

-Сар тутамд хэрэглэгчдэд бичилт хийж, хөнгөлөлтөөс давсан хэрэглээний зөрүү, хөнгөлөгдсөн үнийн дүнг тухайн хэрэглэгчид зурвасаар хүргүүлж байна. Харин хэрэглэгчид хугацаанд нь төлөөгүйгээс бага хэмжээний өр үүсэх тохиолдол бий. Өнгөрсөн жилийн тухайд айл өрхүүдийн цахилгааны жилийн хэрэглээ 70 сая төгрөгийн үлдэгдэлтэй байсан бол одоо 120 сая болж өссөн байна.

Манай компани хэрэглэгч нэг бүрийг ялгахгүйгээр тэгш, хүртээмжтэй үйлчилгээг хүргэн ажилладаг. Ямар нэгэн цахилгааны тасалдал, гэмтэл үүссэн үед шуурхай ажилладаг. Иргэдийн хувьд цахилгааны хэмнэлттэй, зохистой хэрэглээг дадал болгох нь чухал байна. Ядаж гар утасны цэнэглэгчийг разеткаас салгахгүй орхисноос үүдэн жилд 35 орчим сая төгрөг зарцуулагддаг. Бага багаар чимээгүй шимэгчлэх хэлбэрээр маш их мөнгийг цахилгаан, эрчим хүчний хэрэглээнд зарцуулж байгаа. Цахилгаан хэрэгсэл сонгохдоо зарцуулалт багатай, үзүүлэлт, тоноглол зэргийг нь харгалзах, өдөр тутамд цахилгааны хэрэглээндээ хяналт тавьдаг байхыг зөвлөмөөр байна.

-Ярилцсанд баярлалаа.

 

Холбоотой мэдээ