Зөрчлийн, Зөвшөөрлийн хуулийг шинэчлэх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж буйг мэдэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-06-02 16:20:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ-аас дэвшүүлсэн "COVID-19"-ийн цар тахлын дараах эдийн засгийг сэргээх “Их сэргэлт” санаачилгын хүрээнд тодорхой үр дүн эхнээсээ гарч эхэлж буйг өнөөдөр мэдээллээ. Энэ талаар МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин хэлэхдээ, "Бидний тавьсан санаачилгад цар тахлын улмаас хүнд байдалд орсон ААН, иргэдэд дэмжлэг үзүүлэх замаар эдийн засагт тохируулга хийж, ижил гараанаас дахин эхлэх боломжийг олгох талаар хөндсөн. 

Санаачилгын хүрээнд тодорхой үр дүн эхнээсээ гарч эхэлсэн. Тухайлбал, Монголбанкны Зээлийн мэдээллийн сангийн хар жагсаалтыг цагаатгах саналыг УИХ, Төвбанк хүлээн авч, Монголбанк Захирлуудын зөвлөлийн хурлаараа хэлэлцэн шийдвэрлэхээр болсныг онцлов.

Мөн эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчныг сайжруулахаар хэд хэдэн хуулийн төслийг УИХ ойрын хугацаанд хойшлуулахгүйгээр хэлэлцэхээр тогтоод байна. Үүнд, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын тухай, Зөвшөөрлийн тухай болон Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль орж буй. 



О.Амартүвшин: Бизнес, эдийн засагтай холбоотой хуулиудын шинэчлэлд хувийн хэвшлийнхний идэвх, оролцоо чухал байна.



УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн 7 хоногт бизнес эрхлэгчидтэй уулзах үеэр, эдийн засгийн салбараар дагнасан танхимуудыг байгуулах үзэл баримтлал бүхий МҮХАҮТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүдээс өргөн барихаар болсноо дуулгасан юм. Энэ хуулийг УИХ хойшлуулалгүй хэлэлцэж, ойрын үед батлан гаргахаа мэдэгдсэн. Түүнчлэн ойрын үед Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, Төр-хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, Худалдааны тухай, Виртуал хөрөнгийн тухай, Цахим гарын үсгийн тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэхээр төлөвлөж буй. Мөн бизнесийн салбарынхны үйл ажиллагаанд зарим сөрөг нөлөөг үзүүлж байгаа Зөрчлийн тухай болон Зөвшөөрлийн тухай хуулийг эргэн харж шинэчлэхээр ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгааг мэдэгдсэн юм.  

УИХ-аас Танхимын тухай болон бизнес, эдийн засагтай холбоотой, нэн чухал хуулийн төслүүдийг хойшлуулахгүйгээр, ойрын үед түргэвчлэн хэлэлцэн батална гэсэн учраас үүнд хувийн хэвшил, бизнесийн салбарынхны оролцоо чухал гэдгийг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин өнөөдөр онцоллоо. "COVID-19"-ийн дараах эдийн засгийн “Их Сэргэлт” санаачилгын хүрээнд үндсэн 3 арга хэмжээг авч хэрэгжүүлж бизнес эрхлэгчдийг нэг гараанаас, шинээр эхлүүлж эрчимтэй хөгжлийг бүрдүүлэх тухай саналыг МҮХАҮТ-аас дэвшүүлсэн юм. Үүнд:

  • Бүх төрлийн татвар, шимтгэл, тогруулийн төлбөр, алдангиас чөлөөлөх,
  • Гурваас дээш жил Х-тайлан өгсөн компанийг улсын бүртгэлээх хасах,
  • Зээлийн мэдээллийн сангийн хар жагсаалтыг цагаатгах.

Холбоотой мэдээ