Отгонтэнгэр хайрхныг зорихгүй байхыг онцгойлон анхааруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-06-17 18:50:18

Завхан /МОНЦАМЭ/. Тус аймагт сүүлийн өдрүүдэд коронавирусний халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан сум бүр нөхцөл байдалтайгаа холбогдуулан иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаад байна.

Тухайлбал Отгон сумын Засаг даргын захирамжаар 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл тус сумаас гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлажээ. Тиймээс Улаанбаатар хот болон бусад аймаг, орон нутгаас Отгонтэнгэр хайрхныг зорих иргэдийг хүлээж авахгүй хэмээн Отгон сумын Онцгой комисс, Шуурхай штабаас мэдээллээ. 

-Харин Тэлмэн сумын хувьд нэг иргэний PCR шинжилгээний хариу эерэг гарч коронавирусний халдвар авсан нь батлагдаад байна. Үүнтэй холбоотой 6 дугаар сарын 16-ны 9.00 цагаас сумын хэмжээнд зургаа хоногийн хатуу хөл хорио тогтоожээ. Одоо тус суманд батлагдсан тохиолдлын ойрын болон дам харьцагчийг тодорхойлж, голомтыг тогтоохоор ажиллаж байна.

-Мөн Дөрвөлжин сумын тухайд 72 цагийн тэг зогсолтыг зарлаад буй. Учир нь тус суманд өчигдөр нийт 22 тохиолдол батлагдсан. Сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Баян айраг эксплорэйшн" ХХК-ийн кемпээс 12, сумын төвөөс 10 иргэний PCR шинжилгээний хариу эерэг гарчээ. Өнөөдрийн байдлаар коронавирусний халдвар авсан нь батлагдсан дээрх иргэдийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасаг руу шилжүүлээд байна. Одоо тус суманд батлагдсан тохиолдлын ойрын харьцагч иргэдээс түргэвчилсэн шинжилгээ авах ажил хийж байна.

-Цэцэн-Уул сумын тухайд зөөвөрлөгдөн ирсэн хоёр голомтоос үүсэлтэй батлагдсан халдварын тохиолдол нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаар тус суманд батлагдсан найман тохиолдол байна. Сумын төв болон хөдөөгийн дөрвөн багт халдвар тархсан байж болзошгүй байгаа учир сорьц цуглуулж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн вируслогийн лабораторид шинжилгээ хийлгэхээр илгээжээ. Батлагдсан тохиолдлуудын 300 гаруй харьцагч байна. Тус сум энэ сарын 9-ний өдрөөс сумын Засаг даргын захирамжаар сумаас гарах, орох, дотор хөдөлгөөнийг бүрэн хааж, хатуу хөл хорио тогтоожээ.

-Улиастай сумын тухайд өнөөдөр 14 иргэн халдвар авсан нь шинжилгээгээр батлагджээ. Харин өчигдөр буюу 6-р сарын 16-ны өдрийн 00 цагаас өмнө Улиастай сумын 15 иргэнээс ковидын халдвар илэрчээ. Энэ өдрийн үдээс өмнө Сонгино, Их-Уул, Улиастай, Тэлмэн, Дөрвөлжин сумаас нийт 33 иргэн, аймгийн хэмжээнд өчигдөр 78 хүн коронавирусний халдвар авсан нь батлагдсан гэж аймгийн Шуурхай штабаас тус тус мэдээлэв.  

Холбоотой мэдээ