Түр эмнэлэгт 23 хүнийг эмчилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-07-06 20:13:13

Увс /МОНЦАМЭ/. Тэс суманд коронавирусний халдвараар өвчилсөн хүмүүсийг сумын сургуулийн дотуур байранд тусгаарлаж, түр эмнэлэг байгуулан эмчилж байна. Тэс сумын Эрүүл мэндийн төвийн их эмч Э.Нанжид, сувилагч М.Мөнхжаргал, үйлчлэгч Ц.Золзаяа нар түр эмнэлэгт 14 хоногийн хугацаанд өвчтнүүдтэй ажиллаад, энэ сарын 6-ны өдөр Эрүүл мэндийн төвийн байранд тусгаарлагджээ. Тэд 7 хоног тусгаарлагдаад, PCR шинжилгээ сөрөг гарвал гэртээ харих аж. Энэ талаар Э.Нанжид эмчээс утсаар холбогдож тодрууллаа.

“Бид эмч, сувилагч, үйлчлэгч, тогооч гэсэн бүрэлдэхүүнтэйгээр өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 19 хүнийг эмчлэн эдгээж, гэрт нь гаргалаа. Мөн хүндрэх эрсдэлтэй 8 иргэнийг аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү шилжүүлсэн.

Одоогоор сургуулийн дотуур байран дахь түр эмнэлэгт 5 сартай, 3 настай хоёр хүүхэд ээжүүдийн хамт коронавирусний халдварын эмчилгээ хийлгэж байна. 

Энэ сарын 6-ны өдрийн байдлаар Тэс суманд коронавирусний халдвараар өвчилсөн 35 хүн бүртгэгдсэн бөгөөд үүнээс 23 хүн түр эмнэлэгт тусгаарлагдаж эмчлүүлсэн. Харин 4 малчин малаа харах хүнгүйгээс болоод гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байгаа бол үлдсэн нь аймгийн төвд эмчлүүлж байна. Энэ сарын 5-ны өдөр аймгийн төв рүү ойрын хавьтал бүхий 47 хүний шинжилгээг илгээсэн бөгөөд одоогоор хариу нь гараагүй байгаа. Эдгээр хавьтлуудын түргэвчилсэн оношлуурын хариу бүгд сөрөг гарсан” хэмээн Тэс сумын Эрүүл мэндийн төвийн их эмч Э.Нанжид хэллээ.

Тэс сум энэ сарын 31-нийг хүртэлх хугацаанд улбар шар түвшинд шилжин ажиллаж байна.

Холбоотой мэдээ