ОХУ хүлэмжийн хийн ялгарлаа бууруулахаар төлөвлөж байгааг нотолжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2021-07-15 09:39:15

ВАШИНГТОН. /TASS/. ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгчийн уур амьсгалын асуудал эрхэлсэн тусгай элч Жон Керри нар лхагва гарагт утсаар ярихдаа, Вашингтон, Москва хоёр уур амьсгалын асуудлаар хамтран ажиллах нь чухал болохыг цохон тэмдэглэжээ.


Энэ тухай Төрийн департаментын хэвлэлийн албанаас гаргасан мэдэгдэлд дурдсан байна.


"Ерөнхийлөгч Путин уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх олон улсын хүчин чармайлтыг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагатай байгааг хүлээн зөвшөөрөөд ОХУ хүлэмжийн хийн ялгарлаа, тэр дундаа ойн аж ахуйн салбарт бууруулахаар төлөвлөж байгааг нотоллоо. Уур амьсгалын олон асуудлаар АНУ, ОХУ хамтарч ажиллах нь чухал болохыг талууд цохон тэмдэглэв” гэж мэдэгдэлд дурджээ.


Жон Керри гурван өдрийн айлчлал хийхээр даваа гарагт Москвад хүрэлцэн иржээ. Тэрбээр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзсанаар айлчлалынхаа хөтөлбөрийг эхлүүлсэн байна. Харин ОХУ-ын Ерөнхийлөгчтэй хийсэн хэлэлцээ долоодугаар сарын 14-ний лхагва гарагт болжээ. Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Ж. Керритэй утсаар ярих үеэрээ Парисын хэлэлцээрийн зорилгод хүрэхэд ихээхэн ач холбогдол өгч байгаа бөгөөд уур амьсгалын асуудлаар "улс төржөөгүй, мэргэжлийн яриа хэлэлцээ" хийхийг дэмжиж байгаагаа мэдэгдсэн байна. 


Холбоотой мэдээ