Гамшгийг хохирол багатай даван туулах эрсдэлийн сан бүрдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-07-26 11:38:03
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр Төрийн ордноо болж байна.


Энэ удаагийн хуралдаанаар Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын өнөөгийн байдал, халдварыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээ, эрчимжиж буй газар хөдлөх нөхцөл байдал болон цаг агаарын гамшигт үзэгдлийг хохирол багатай даван туулах эрсдэлийн сан бүрдүүлж, цаашид баримтлах бодлогын чиглэлээр хэлэлцэж байна.


Шадар сайд, Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн орлогч дарга  С. Амарсайхан хуралдааныг нээж хэлсэн үгэндээ, гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажилд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын түншлэл, хамтын ажиллагаа, иргэд, олон нийтийн оролцоо, хүчин чармайлт туйлын чухал гэдгийг онцоллоо.


Гамшгийн эрсдэлийг бууруулах Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаа, шинжилгээнд суурилсан цогц төлөвлөгөө гаргаж эрчимжүүлж,  иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх  мэдлэг, дадлагыг олгох бэлтгэл, сургуулилтыг  тогтмол хийх шаардлага тулгарч байгааг тэрээр дурдлаа.


Гамшгийг тэсвэрлэх, түүнээс урьдчилан сэргийлэх үндэсний болон орон нутгийн чадавхыг бэхжүүлэх шат дараалсан ажлуудыг хэрэгжүүлж, гамшгийн эрсдэлийн сангийн хуримтлал бий болгох нь зүйтэй хэмээн үзэж буйгаа мөн Шадар сайд хэллээ. Хуралдаан үргэлжилж байна.

Холбоотой мэдээ