Р.Цэндээ: Хүчтэй доройтсон бэлчээр 15-20 жилийн дараа сэргэдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-08-18 19:14:14

 

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн бэлчээрийн даацын төлөв байдал болон сэргэх чадварын судалгааны талаар аймгийн ХХААГ-ын бэлчээр, тэжээл, усан хангамж хариуцсан мэргэжилтэн Р.Цэндээтэй ярилцлаа.

-Нэн түрүүнд сумдын бэлчээрийн даац хэтрэлтийн төлөв байдлын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Увс аймгийн ихэнхи сумдад малын тоо нь бэлчээрийн даацаасаа хэтэрсэн тоон судалгаа бий. Бэлчээрийн даацыг олон жил хэтрүүлэн хэрэглэснээр бэлчээр талхлагдах, нэгж талбайд ургадаг ургамлын төрөл зүйл хомсдох, сийрэгжилт үүсэх, лууль шарил зэрэг идэшгүй ургамлууд түрэх зэрэг эрсдэлтэй байдаг. 2020 оны судалгаан дээр үндэслэн бэлчээрийн даацыг сумдаар авч үзвэл Бөхмөрөн сум 161 мянга, Давст сум 135 мянга, Завхан сум 120 мянга, Зүүнговь сум 188 мянга, Зүүнхангай сум 191 мянга, Малчин сум 178 мянга, Наранбулаг сум 211 мянган толгой малаар бэлчээрийн даацаасаа хэтэрсэн байна. Ер нь бол сумдад харилцан адилгүй байгаа.

-Энэ жил манай аймагт хэчнээн толгой мал өвөлжих вэ?

-Энэ жилийн тухайд дунджаар 3,3 сая толгой мал өвөлжинө гэсэн тооцоотой. Гэвч малын тоондоо харьцуулбал бэлчээрийн даац 3 дахин хэтэрсэн байна. Нийт бэлчээрийн даацдаа тохируулахын тулд 1,4 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай байгаа. Засгийн газраас улсын хэмжээнд бүх аймаг, сумдыг өөрийн газар нутагт мал сүргийг өвөлжүүлэх, ингэхдээ бэлчээрийн даацдаа тохируулах, зэргэлдээ аймаг, сумдад оторлохгүй байх тухай чиглэл өгсөн.

-Бэлчээрийг зохистой ашиглах менежмент боловсруулах тал дээр хэрхэн анхаарч байгаа вэ?

-Жил бүрийн 8-р сард бэлчээрийн сэргэх чадварын судалгааг 341 цэгт хийж байна. Шинэчилсэн судалгаа тухайн жилийнхээ 9-р сарын 15-нд гардаг байгаа. Энэхүү судалгаан дээр үндэслэн хэчнээн мал өвөлжүүлэх, хаваржуулах тооцоо гаргах, бэлчээрийн менежментийг төлөвлөх ажлууд хийгддэг. 2021 оны бэлчээрийн даацын судалгаа удахгүй гарна. Энэ ташрамд 2020 оны бэлчээрийн сэргэх чадварын ангилалаар нийт бэлчээрийн 19,4 хувь нь байгалийн унаган төрхөө алдаагүй, 41,1 хувь нь бага доройтсон, 10,6 хувь нь дунд зэрэг, 27 хувь нь хүчтэй доройтсон, 2,1 хувь нь маш хүчтэй доройтсон байна. Үүнээс харахад манай аймагт бэлчээрийн даац хэтрэлтийн асуудал анхаарал хандуулах хэмжээнд хүрсэн гэж хэлж болно. Учир нь маш хүчтэй доройтсон бэлчээр 15-20 жил, хүчтэй доройтсон бол 5-аас доошгүй жил, дунд зэрэг доройтсон бол 1-3 жилийн дараа сэргэдэг. Манай аймгийн хувьд сүүлийн жилүүдэд бэлчээрийн даац хэтрэлтээс гадна бэлчээрийн ургамлын төрөл зүйл өөрчлөгдсөн, бэлчээрийн талхлагдлыг дагаад малд идэмжгүй шарилж, лууль зэрэг ургамлууд их хувийг эзэлж байна.

-Бэлчээрийн даац хэтрэх, цөлжилт үүсэх гол шалтгаан юу вэ?

-Бэлчээр талхлагдахад нөлөөлж буй хамгийн том хүчин зүйл бол малын тоо. Хөрс гишгэгдэх тоолондоо эвдэрч, суларч байдаг. Нэг ёсондоо бэлчээрийн ачаалал хэтрүүлж ашиглаж байгаа асуудал, мөн цаг уурын дулаарал, хур тунадасны хэмжээ буурсан, буруу ашиглалт зэрэг хүчин зүйл нөлөөлж байна. Цаашид бэлчээрийн даацыг тохируулахгүй бол нүүдлийн мал аж ахуйд нөхөж баршгүй эрсдэл үүснэ. Учир нь нүүдлийн аж ахуй бэлчээрээс идэш тэжээлийнхээ 98 хувийг аваад ашиг шимээ өгдөг байгальд зохицсон мал аж ахуй байдаг. Харин бэлчээрийн даац жилийн жилд хэтрээд байвал мал үндсэн жингийнхээ 20-30 хувийг алдаж, ашиг шим нь буурдаг. Хэрвээ бид бэлчээрийг зохистой ашиглах,  малыг эдийн засгийн эргэлтэд оруулах, малын тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлвэл нүүдлийн мал аж ахуй тогтвортой байх боломжтой. Цаг уурын хувьд харьцангуй тааламжтай он жилүүд байсантай холбоотой эрсдэл бага байна. Хэрвээ тааламжгүй он жилүүд байсан бол малчид амин зуулгаасаа салах хэмжээнд хүрэх эрсдэл үүсэх байлаа.

-Цаашид анхаарах зүйл юу байна?

-Малын тоо өсөхийн хэрээр сэлгэж нүүдэллэх бэлчээрийн талбай хязгаарлагдаж, нэг газраа удаан хугацаагаар олон давталттай малаа бэлчээснээс энгийн үгээр хэлбэл бэлчээрийн ургамалд нөхөн төлжих хугацаа гарахгүй байна. Иймээс цаашид энэ асуудал дээр хэд хэдэн ажил, арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн. Тухайлбал, үлийн цагаан оготно зэрэг бэлчээрийн хортон мэрэгчидтэй тэмцэх, даац ачааллыг тааруулах, жилийн 4 улиралд  бэлчээрийг зохистой ашиглах хуваарь, журам гаргах, малчын хувьд энэ ажил санаачилга гаргаж,  хэсэг бүлгээрээ бэлчээрийг гэрээгээр зохистой ашиглах, төр засгаас малыг эдийн засгийг эргэлтэд оруулах, мах экспортлох асуудалд бодлого гаргаж ажиллах шаардлага байна. ХХААГ-аас малчид өөрөө механик 5 аргаар үлийн цагаан оготнотой хэрхэн тэмцэх талаар сургалтын материалыг бэлдэн малчдад тараах, малчид хэсэг бүлгээрээ нэгдэж өвөлжөөнийхөө үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг зохион байгуулах юм. Тэрчлэн бэлчээрийн менежментийн төлөвлөгөө боловсруулан зохистой байдлыг бий болгох, малын тооноос чанарт шилжих асуудал чухал байна. Энэ талаар нэг зүйлийг хэлбэл энэ жилээс хургыг төөнөн хөнгөлөх аргыг туршилтын журмаар зарим сумдад хэрэгжүүлсэн. Ингэснээр махны гарцыг сайжруулах, нэг хурганаас 20-25 кг мах гарах боломжтой гэж тооцоолсон.

 -Танд баярлалаа.

Холбоотой мэдээ