Танхимын тухай хуулийн төсөлд санал авч эхэлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатар МҮХАҮТ-д бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзах үеэр Худалдаа, аж үйлдвэрийн Танхимын тухай хуулийг шинэчлэх талаар хөндөж байсан. Улмаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг санаачилан “Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай” хуулийн төслийг шинэчлэн боловсруулахаар болж, энд бизнес эрхлэгчид болон олон нийтийн саналыг хүлээн авч эхлээд байна.
Бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ-ыг анх 1960 онд тухайн үеийн ГХЯ-ны дэргэд байгуулж, олон нийтийн байгууллагаас анхны бие даасан хуультай болж байв. Худалдаа, аж үйлдвэрийн Танхимын тухай хуулийг 1995 онд баталж, өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа юм. Тус хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсний үндсэн дээрх шинэ хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөл 6 бүлэг 34 зүйлтэй. Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхим, түүний салбар, төлөөлөгчийн газар, дагнасан танхимын зохион байгуулалт, чиг үүрэг, үйл ажиллагаа, гишүүнчлэл, санхүүжилт, төрийн болон бусад байгууллагатай харилцах болон Худалдаа, аж үйлдвэрийн танхимтай холбоотой бусад харилцааг зохицуулах юм.
Хуулийн төслийг боловсруулахдаа Герман, Франц, Унгар, Япон, БНСУ, Казахстан Улсын худалдаа, аж үйлдвэрийн танхимын эрх зүйн байдлыг зохицуулсан хууль тогтоомжийг харьцуулан судалжээ. Түүнчлэн олон улсын жишиг зохицуулалтыг харгалзан Монгол Улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн бүтэц, зохицуулах талын цар хүрээг тодорхойлж, эдийн засаг болон гадаад, дотоод худалдаа, хүн ам зүйн тархалт, аж ахуй эрхлэгчдийн төвлөрөлт, тэдгээрийн ашиг сонирхлыг хамгаалах зорилготой холбоодын үйл ажиллагааны үр дүнтэй байдал, аж ахуй эрхлэгчдэд дутмаг байгаа санхүүжилтийн төдийгүй техник, боловсон хүчний нөхцөл байдал зэрэгт тулгуурлан хуулийн төслийг боловсруулаад байна.